“Автомашингүй өдөр” – 2013.03.31

“Автомашингүй өдөр”-ийг долоо хоногийн турш тэмдэглэнэ.

2013 оны 3-р сарын 31-ний өдөр  уламжлалт  “Автомашингүй өдөр”-ийг  дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Энэ удаад “Автомашингүй өдөр”-ийг угтаж “3орчих хөдөлгөөний 7 хоног” өдөрлөгийг “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар 2013-оны 3-р сарын 24-өөс 29-ны өдөр хүртэл явуулахаар болсноороо онцлог юм. Энэ нь тухайн  өдрийг илүү өргөн хүрээнд хамруулж, хотын зорчих хөдөлгөөний талаарх иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хандлагад илүүтэй анхаарал хандуулж байгаа явдал юм гэж зохион байгуулагчид үзэж байна. “Автомашингүй өдөр” ба түүнийг угтсан 7 хоногийг  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, ЗЦГ, МОХ, МЗХ, Дугуйчдын холбоо, “Монгол даатгал” компани, “Скайтел” үүрэн телефоны компани, НЗДТГ болон  харъяа агентлаг,газар, дүүргүүд  хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд 24-ний Ням гарагийг  Улаанбаатар хотын музей нээлттэй хаалганы өдөр болгон иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Дэлхийн олон улс оронд автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ “Clean Air-it’s your move!” буюу “Цэвэр агаар-таны зорчих сонголт” гэсэн уриатай байна.

Тус өдрийн хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр доорхи хүснэгтүүдээс харна уу.

“Автомашингүй өдөр”, түүнийг угтсан  7 хоногийн хөтөлбөр.

3-р сарын 24-ний
Ням гарагт
Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр
·         “10,000 алхам” мини аялал, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах

  • ММСС, ЭМТ, НЭМГ, ЗХУТ, НТГ, ЗЦГ, УБ хотын номын сан, УБ музей, Монголын хүүхдийн ордон, Дугуйчдын холбоо
3-р сарын 25-ны
Даваа гарагт
Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр
·         Дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалах
·         “Зам тээврийн ослыг бууруулахад залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг
·         Зам тээврийн ослын үр нөлөөний талаар телевизийн 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн, цацах
3-р сарын 26-ны
Мягмар гарагт
Гарцаар гарах өдөр
·         Гарцаар гарах иргэдэд сайн дурынхан туслах, гарцаар гарахыг уриалах
3-р сарын 27 –ны
Лхагва гарагт
Унадаг дугуйн өдөр
·         Дугуйн дэлгүүр, клубүүд өөрсдийгөө сурталчлах өдөр
·         “Монгол Даатгал” компаниас тодорхой газарт замын тэмдэглэгээг тодруулах
·         Хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн талаар мэдээлэл цацах
3-р сарын 28-ны
Пүрэв гарагт
Зам тээврийн мэдээлэл сургалтын өдөр
·         “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ухуулга нөлөөллийн уулзалт
3-р сарын 29-ний
Баасан гарагт
Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр
·         Нийтийн тээврийн үйлчилгээний талаар сурталчлах
·         Нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
3-р сарын 31-ний
Ням гарагт
Автомашингүй өдөр буюу Машинаас татгалзах өдөр
·         Баруун 4 замаас Зүүн 4 замын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлах
·         Иргэдэд эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт
·         Сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан
·         Оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, оюутнуудын жагсаал
·         Задгай кафен үйлчилгээ
·         Сүхбаатарын талбай дээр 12.00-14.00  хооронд өдөрлөг(урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах, олон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, ухаалаг зорчилт байгууллага шалгаруулах г.м)

Манай оронд ирэх долоо хоногийн турш явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр, гарцаар гарах өдөр гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах ба дүүрэг тус бүр өөрийн заасан талбайд үйл ажиллагаа явуулна:

Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1-р байрны уулзвар хүртэл

Сүхбаатар дүүрэг: Мэдээллийн технологийн үндэсний паркын өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1-р байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл

Баянзүрх дүүрэг: Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл

Сонгинохайрхан дүүрэг: Номин их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Боловсролын их сургуулийн уулзвараас Номин их дэлгүүр хүртэл

Баянгол дүүрэг: Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Номин их дэлгүүр хүртэл

Хан-Уул дүүрэг: Драмын театрын урд талд байрлаж, Сөүлийн гудамжинд тус тус зохион байгуулагдана.

 

Нийслэлийн хувьд автомашингүй өдрийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, хотын зорчих хөдөлгөөний талаарх иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хандлагад илүүтэй анхаарч байгаа гэнэ. Машингүй өдрөөр Энхтайвны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Бага тойруугийн хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөөнөөс дотогш 10-17.00 цагийн автомашинаар зорчихыг хязгаарлах ажээ.

Энэ өдөр автозамын хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан, оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулж, задгай “Кафе”-аар үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд 12.00-14.00  хүртэл  урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах  болон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, “Ухаалаг зорчилт” байгууллага шалгаруулах өдөрлөг болох юм.