Дилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэн

Spread the love

Дилав хутагт Б.Жамсранжавын лагшин мэндэлж, мэлмий гийсэн 131 жилийн ойн өдөр (2014.10.08)

Монголын 12 хутагтын нэг Дилав Хутагт Жамсранжав нь монгол хүн бүрийн бахархал болсон хүн юм. Гэвч ороо бусгаа цагийн аясаар “ЭХ ОРОНЧ “-ийн маань алдар нэр, гавъяа зүтгэл улам бүдгэрсээр байна. Тиймээс жил бүрийн 10-р сарын 8-нд Дилав Хутагт Жамсранжавын үйл хэргийг олон нийтэд таниулах, буяны ном хурах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ жил “Мамба дацан” хийдэд буяны ном хуруулж, “Улаанбаатар хотын музей”-д Дилав Хутагт Жамсранжавын амьдрал, үйл хэрэгтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын музейд Дилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэн

Хугацаа: 2014.10.08-2014.10.14

Зохион байгуулагч байгууллага:

  • “АРИГҮМедиа” ХХК
  • “Дилав Хутагт Жамсранжав нийгэмлэг” ТББ
  • “Улаанбаатар хотын музей”

 

Дилав хутагт Жамсранжавын цадиг оршвой

Дилав хутагт Б.Жамсранжав

Ар халхын 84 шидтэний нэг хэмээн алдаршсан Дилав хутагтын хувилгаан Б.Жамсранжав XV жарны хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу аргын тооллын 1883 оны 10-р сарын 08-нд тэр үеийн Халхын Засагт хан аймгийн Хотгойдын Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон нуур багийн нутаг Ойгон нуурын ар бие Баян айраг уулын энгэр Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэмчиг бурханы бүрэлбаа, Дилав хутагтын хувилсан дүр мөн хэмээн тодорч одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Норванчин хийдэд шавилан суусан байна. 5 настайдаа банди, 7 настайдаа равжун, 21 насандаа гэцэл, 25 насандаа цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртжээ. Тэрээр Ховдын хязгаарын Шар сүмийг тэргүүлж байв. 1923 оноос Улиастайн сайдаар ажиллаж байгаад 1932 оноос Дотоодыг хамгаалах газрын даалгавараар Хятад руу тагнуулын ажлаар гарч улмаар Чан Кай Ши-гийн дэргэд ажиллах болжээ. Тэрээр “Дэслэгч Жамсран” нэрээр тагнуулын мэдээ явуулж байсан нь өдгөө тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Гэвч зүдэг хар цагийн эрхээр тэрээр буруутгагдаж, хувьсгалын эсэргүү нэр зүүн хэлмэгдсэн байна. Дилав хутагт Б.Жамсранжав Хятадын ерөнхийлөгч Чай Кай Ши-гийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатай. Хилс хэрэгт буруутгагдсан тэрээр нутагтаа эргэн ирэхийг оролдсон ч тухай бүр бүтэлгүйтэж байсан учир өөрийн найз, АНУ-ын монголч эрдэмтэн О.Латтиморын санаачлагаар АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерсид амьдрах болсон байна. Нью Жерсид амьдрах хугацаандаа тэрээр АНУ-д амьдарч буй Халимаг иргэдийг цуглуулан оюун санааны хувьд удирдан чиглүүлж, анхны буддын сумыг байгуулалцаж байв. 1961 онд Монгол улс НҮБ-д элсэхэд түүний оруулсан хувь нэмэр тун их юм. 1964 онд Монгол улс АНУ-д элчин сайдын яамаа нээхэд тэрээр бараг орой бүр тэнд ирж хашаан дотор тоглож буй монгол хүүхдүүдийг харан нулимс дуслуулж суусан гэдэг. Цагийн эрхээр буруугүй буруутан болж нутагтаа эргэн очих эрхгүй болж хэлмэгдсэн түүний зүрх монголын төлөө цохилсоор 1965 оны 04-р сарын 08-ны өдөр 82 насандаа жанч халсан байна. Түүний ээдрээтэй амьдралын түүх эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.

Холбоо барих: 976-88117805, 976-99851211,95864824 Цахим хаяг:burmaa@arigumedia.mn


Spread the love