Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас өнөөдөр “Улаанбаатар хот-100” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн хурлын зааланд зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтдэд хандан талархал илэрхийлэн 1924 онд Монгол Улсын анхдугаар үндсэн хууль баталж, “Нийслэл хүрээ” нэрийг “Улаанбаатар” болгон нэрийдсэний 100 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.

Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Улаанбаатар хотын музей, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Улаанбаатар хотын музейн эрдэмтэн, судлаачид оролцож, хотын өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захиргааг байгуулсан түүхэн үйл явц, хотын анхны хороод, хотын жинхэнэ харьяат иргэд, 1921-1930-аад оны нийслэл хотын нийгэм, эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн талаар шинэ санал дүгнэлт дэвшүүлсэн олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Уг эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Нийслэл хотын бүтээн байгуулалт” (1921-1928 он) сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.