Төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо

Spread the love

УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр нийслэлийн харьяа байгууллагын удирдлагууд болон дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзаж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар танилцуулсан. Мөн үргэлжлүүлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр төрийн албаны эрх зүйн шинэчлэл болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх шалтгаан хийгээд ач холбогдлын талаар танилцуулж, албан хаагчдын санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар “2023 оны УИХ-ын хаврын чуулганаар авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд эдийн засгийн шинэчлэл, хүний хөгжлийн шинэчлэлийг хийж, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгон, хороодыг дүүрэг болгон зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь задалснаар хэт төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломж үүснэ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн амин сүнс нь ёс суртахуун байдаг. Тиймээс төрийн албаны шинэчлэл ёс зүйгээс эхлэх ёстой гэж үзэж байна” гэв. Монгол Улсын хэмжээнд 4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагад 234,251 албан хаагч ажилладаг. УИХ-ын дарга уулзалтын үеэр бүтээмжид суурилсан цалингийн сүлжээг бий болгон, төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Уулзалтад оролцсон дүүрэг, хороодын Засаг дарга болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Үндсэн хуулийн шинэчлэл болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож, асуулт асуусан юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Spread the love