Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

Spread the love

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.

Шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавигдах шаардлагыг хангасан 10 бүтээлийг шалгаруулах юм. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болно. Тус хоёрдугаар шатны шалгаруулалтаар эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.

Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 17:00 цаг хүртэл НЗДТГ-ын байранд, эсхүл zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар хүлээн авна.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
  • Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
  • Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
  • Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.

Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Spread the love