
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий гуравдугаар төлөвлөгөөг 1976 онд баталсан бөгөөд авто замын сүлжээний үндсэн даацыг 84000 машин байхаар төлөвлөсөн байдаг. Харин өнөөдөр энэ тоо хэд дахин өсөж, 2024 оны байдлаар нийслэл хотод 650 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байна. Тухайлбал, нийслэлийн хэвтээ тэнхлэг дагуу өнөөдрийн байдлаар иргэд 6 маршрутаас сонгож зорчдог бөгөөд эдгээр чиглэлд оргил цагийн үед нэг иргэн өдөрт багадаа 2-3 цагийг зарцуулж байна. Хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 машин тасралтгүй хөдөлгөөнд оролцож, үүнийг дагаад нийгэм, эдийн засгийн хохирол, нөлөөлөл асар өндөр байна.