Нийслэлийн нийгмийн салбарынхан зөвлөлдөж байна

“Хүний хөгжил-нийгмийн хөгжил” сэдэвт нийслэлийн нийгмийн салбарынхны зөвлөгөөн болж байна. Тодруулбал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсийн мэргэжилтэн зэрэг 150 гаруй албан хаагчийн дунд уг салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй.

Нийгмийн салбар маш өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөлмөр халамж, спорт, гэр бүл, хүүхэд залуус, аялал жуулчлал, жендер гэх мэтчилэн томоохон салбаруудыг нэгтгэж байдаг. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийгмийн салбарт хийж буй ажлууд өнөөдөр шийдээд, маргааш шууд өөрчлөлт авчирдаггүй.  Урт удаан хугацааны дараа тодорхой үр дүн гардаг. Тиймээс энэ салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчид нэг бодлого дор үйл ажиллагаагаа явуулж, нэг зорилготойгоор тогтвортой хөгжих учиртай. Нийгмийн салбар авлигаас харьцангуй ангид байдаг. Бүр мөсөн авлигаас салъя гэвэл боловсрол, эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг цахимжуулах хэрэгтэй. Уг ажлыг ч нийслэлийн удирдлагууд шат дараатай хэрэгжүүлж байгаа” хэмээв.

Тус салбар зөвлөгөөн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ажлын байрны стресс менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, манлайлал, хувь хүний хөгжил, төрийн албаны шинэчлэл зэрэг сэдвээр өрнөх юм. Дээрх сэдвүүдийн хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, СЭМҮТ-ийн Сэтгэл заслын баг, Нийслэлийн Ажил олгогч эздийн холбоо зэрэг салбар бүрийн төлөөлөл илтгэл тавина.

Нийслэлийн хэмжээнд нийгмийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар тутам хийж, тулгарч буй асуудал бэрхшээлээ хэлэлцэн, цаашдын төлөвлөгөөгөө ярилцдаг. Харин өнөөдрийн зөвлөгөөн жилд нэг удаа болдог бөгөөд  дотоод хүний нөөц рүүгээ чиглэсэн гэдгээрээ онцлог юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР