2014 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр, Улаанбаатар хот
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойдзориулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 75 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/520 дугаар захирамжаар батлагдсан ойн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын музейгээс түүх, соёлоо хадгалж хамгаалах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
Нэг. Хүн чулууны хонхороос цор ганц үлдсэн хүн чулуун хөшөөг музейдээ залав.
1778 онд өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Их хүрээ Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж Хүн чулуун хонхор хэмээх газарт ирж хүн чулуун хөшөөгөөр шав тавьж суурьшсан түүхтэй. Улаанбаатар хотын суурьшсан түүхтэй холбоотой, хүн чулууны хонхорт байсан түүхэн дурсгалт хүн чулуун хөшөөг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/317 дугаар тушаал, Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/2621 тоот албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу Богд хааны ордон музейгээс шилжүүлэн авчирч, зориулалтын шилэн хоргонд хийж үзүүллэгийн танхимд залсан. Тус хөшөөг залах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаМ.Отгонбаяр, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн археологч, доктор, профессор Б.Цогтбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт болон бусад албаны зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцов.
Тус хүн чулуун хөшөөг Улаанбаатар хотын түүхэнд холбогдолтой эсэх талаар мэргэжлийн байгууллагаас тодорхойлолт гаргуулан авсан бөгөөд мөн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл хэвлэгдэн гарсан.
Хоёр. Улаанбаатар хотын түүхийн гэрч болсон уугуул, суугуул иргэдийн уулзалт зохион байгуулав.
Нийслэлийн дурсамжийн санг баяжуулах зорилгоор “Улаанбаатар хотын уугуул, суугуул иргэдийн дурсамж уулзалт”-ыг Нийслэлийн архивын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сантай хамтран 2014 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгууллаа. Тус уулзалтад түүхч, академич Ш.Бира, газарзүйч, профессор О.Сүхбаатар, Улаанбаатар хотын судлаач зураач Г.Дунбүрээ, архитектор Т.Даажав, Я.Шархүү, Ардын жүжигчин Г.Хайдав, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалууд номын зохиогч Ч.Дүрзээ, АДХ, НИТХ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав,аялал жуулчлалын багш, Улаанбаатар хотын тойрон аялал номын зохиогч А.Цэрэнчулуун, хурандаа Ж.Дүүрэнжаргал, НЗДТГ-ын ахмадын холбооны дарга Л.Ойдовсамбуу, хотын унаган иргэн Б.Ганбат нарын 12 уугуул, суугуул иргэн оролцлоо. Уулзалтаар 1940-1990 оны хотын амьдрал, түүний өөрчлөлт шинэчлэлт, онцлох үйл явдал, барилгажилтын түүх зэрэг хотын түүхтэй холбоотой дурсамж, яриа өрнүүлэв. Тус дурсамж уулзалтын видео бичлэг, гэрэл зургийг Улаанбаатар хотын музейн бүртгэл мэдээллийн сан, Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалахаар болоод байна.
Гурав. Д.Манибадарын “Нийслэл хүрээ” хэмээх хотын түүхийн үнэт өв болсон үзмэрийн хуулбарыг хийж, хадгалж, хамгаалах ажлыг хийв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүхэнд Нийслэл хүрээний үеийн түүх нь чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ үеийн хүрээний бүтэц, зохион байгуулалтыг нарийн ялган харуулсан цор ганц зургийг 1910-аад оны үед Богд хааны лүндэнгээр зуруулсан түүхтэй. Энэ зургийн эх нь Богд хааны ордон музейд хадгалагддаг. Харин Улаанбаатар хотын музейд буй зургийг 1946 онд алдарт зураач Д.Манибадар эх хувиас нь томруулан хуулбарлан зуржээ. Уг томруулан хуулбарласан зураг нь анхны эх хувиас дутахааргүй сайн зурагдсан гэж судлаачид үздэг.
Тус зураг нь музейн брэнд үзмэр төдийгүй хотын түүхийг хүүхэд, залуус, үзэгчдэд таниулахад гол үзмэр болдог бөгөөд олон жил эх хувиар үзүүллэгт үзэгчдэд үзүүлснээс шалтгаалж, гэмтэх, зурагдах зэрэг эрсдэлд орсон тул зургийг тусгай зориулалтын аппаратаар татан авч, одоо байгаа хэмжээгээр нь даавуун дээр буулган хэвлүүлж, хуулбарласан. Эх зургийг зориулалтын баглаа, боодлоор хамгаалж, түүний өмнө хуулбар зургийг байрлуулан тогтоосон
Дөрөв. “Улаанбаатар хот гэрэл зурагт” явуулын зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг гэрэл зургаар харуулсан явуулын үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу Улаанбаатар хотын ойн өдрөөр Хүн чулууны хонхорт буюу Мэлхийт хөшөөний баруун талд болов. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэнд 1874-2014 оны 140 жилийн Улаанбаатар хотын амьдрал, өөрчлөлт, шинэчлэлт, хотжилтыг харуулсан 180 гаруй түүхэн гэрэл зураг тавигдсан. Тухайлбал, 1874 онд Москвагийн гэрэл зурагчин Боярскийгийн авсан Монголын анхны гэрэл зургийн нэг буюу Их хүрээний Богд шар ордны зураг анх удаа үзэсгэлэнд тавигдаж, үзэгчдийн хүртээл болов. 1913 онд Францын гэрэл зурагчин Стефан Пассегийн авсан Нийслэл хүрээний анхны өнгөт гэрэл зургууд тавигдсан. Мөн ХХ зууны эхэн үед нийслэл хүрээний худалдааны их зах, Майдар эргэх ёслол, Хүрээний язгууртан ноёд, хатад, Хятадын өргөн чөлөөн дэх адууны зах, анхны их дэлгүүрт зарагддаг байсан бараанууд, 1929 оны бий болсон нийтийн тээврийн үйлчилгээний анхны автобус, анхны төв зогсоол, Аж үйлдвэрийн хөгжилт гэх зэрэг хотын амьдралыг онцолсон сонирхолтой гэрэл зургууд том хэмжээтэйгээр дэлгэгдсэн. Тус өдөр гэрэл зургийн үзэсгэлэнг 3400 гаруй хүн үзэж сонирхсон.
Гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг Улаанбаатар хотын хүүхэд, залуус, иргэдэд хүргэх зорилгоор албан байгууллагатай хамтран гаргаж буй бөгөөд 2014 оны 11-р сарын 03-07-ны хооронд МУБИС-ын Багшийн сургуульд хотын түүх, соёлыг сурталчлах “Улаанбаатар-бидний хот” аяны хүрээнд үзэсгэлэнг гаргаж, оюутнуудын хотын түүхийн мэдлэгийг өргөжүүлэв. Цаашид Ус сувгийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн соёлын ордон, Дулааны шугам сүлжээ ХК зэрэгт явуулын тус үзэсгэлэнг гаргахаар тохиролцоод байна.
Тав.Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.
НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн түүх сэдэвт үзэсгэлэнг Нийслэлийн тамгын газрын байранд гаргав. Үзэсгэлэнд 80 гаруй гэрэл зураг тавигдсан бөгөөд Улаанбаатар хотын өөрчлөн байгуулалтыг гэрэл зургаар харьцуулан үзүүлснээрээ онцлог байв. Тухайлбал, Өнөөгийн Барилгачдын талбай нь ХХ зууны эхэнд Нийслэл хүрээний мах худалдаалах зах, 1929-1953 он хүртэл автобусны төв зогсоол, 1954-1970 он хүртэл таксины төв зогсоол, 1970 оноос Барилгачдын талбай болсон үеийн цуврал зургийг харьцуулан үзүүлсэн. Мөн Энхтайвны өргөн чөлөө, Ленин клуб, Их, Бага тойруу, Дөчин мянгат гэх зэрэг хотын төвийн хэсгийн өөрчлөлт, шинэчлэлт хийгээд Улаанбаатар хот хэрхэн өнөөгийн төрхөө олсон бэ? гэдгийг гэрэл зургаар харуулсан.
Зургаа. “Санкт-Петербургээс Улаанбаатарт буюу нэрт монголч эрдэмтэн П.К.Козловын гэр музейгээс авчирсан гэрэл зургууд” (1896-1936 он) сэдэвт үзэсгэлэн зохион байгуулав.
Санкт-Петербург дэх П.К.Козловын гэр музейд буй XIX зууны эцэс, ХХ зууны эхэн үеийн Их хүрээ, Нийслэл хүрээний түүхийг харуулсан гэрэл зургийг буулган авчирч, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУА-ын Түүхийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Улаанбаатар хотын музейд 2014 оны 10 дугаар сарын 25-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд нийт 50 гэрэл зураг тавигдсан бөгөөд эдгээр гэрэл зураг нь өмнө судалгааны эргэлтэд ороогүй, нийтийн хүртээл болоогүй зургууд байснаараа үзэгчид, судлаачдын анхаарлыг татсан юм. Тэдгээр сонирхолтой гэрэл зургийн заримаас дурдвал, Их хүрээний их зээлийн газар буюу худалдаачны гудамжны байдал, худалдаачид, сүм хийдийн лам нарын зураг, мөн 1896 онд Хүй мандалд Даншиг наадам хийж буй зураг зэрэг нь ховор гэрэл зургийн тоонд ордог. Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг гэрэл зургаар баримтжуулан харуулах явдал хотын түүх судлалд үнэ цэнэтэй төдийгүй хотын амьдралыг төсөөлөх, өөрчлөлт шинэчлэлтийг харьцуулан үзэхэд чухал ач холбогдолтой. П.К.Козловын гэр музейд буй хотын түүхэнд холбогдолтой гэрэл зургууд нь хотын түүх судлалд чухал сурвалж хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй юм.
Илтгэх хуудас бичсэн:
Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр