Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/73 дугаар захирамжийн дагуу Их хүрээг Богд хаант Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ойд зориулж “Нийслэл хүрээ-110 жил” архивын баримт, үзмэр, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архив, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс Их хүрээг Нийслэл хүрээ болгосон Богд хааны зарлиг, Нийслэл хүрээний газрын зураг, Занабазар баримал, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн хурлын тогтоол, Нийслэл хүрээнээс хадгалагдан үлдсэн дурсгалын холбогдолтой баримт тэргүүтэй 150 гаруй баримт, үзмэр, гэрэл зураг дэлгэгдсэн.