НИЙСЛЭЛ “RISE-АCADEMY” АРГА ХЭМЖЭЭНД НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдлаа.

Тус сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа.

Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.

Арга хэмжээний үеэр “Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд хөтөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө.  Тус сургалтанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн амжилттай оролцлоо.

Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд ингэж чөлөөтэй уулзаж, суралцаж, хамтдаа байх  боломж бараг байгаагүй, анхны тохиолдол болов уу. Нийгмийг тэр дундаа нийслэлийг бүтээж буй энэ цагийн хариуцлагатай хүмүүс бол та бүхэн. Аливаа ажил харилцаан дээр тогтдог. Тэр ч утгаараа энэ академи та бүхнийг дахин хамтдаа цааш ажиллах эрч хүч өгсөн гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлоод ажлын амжилт хүссэн юм.