Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн томоохон хөшүүрэг гэж үзэн экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж тооцоолоод байгаа юм.
Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг тодорхойлж, Засгийн газраар батлуулсан. Ингэхдээ
- Соёлын өв
- Утга зохиол, ном хэвлэл
- Дүрслэх урлаг
- Дуу, хөгжим
- Тайзны урлаг
- Кино, дуу дүрсний урлаг
- Хэвлэл мэдээлэл
- Хувцас загвар
- Архитектур
- Дизайн
- Дижитал инноваци, контент
- Маркетинг, брэндинг, коммуникаци гэх салбаруудыг тодорхойлжээ.
Өнөөдрийн байдлаар эдгээр 12 салбарын 92 чиглэлд нийт 5665 аан байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж 33931 хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл өнөөдөр салбарын төлөөллүүд, Соёлын яам хамтран Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум зохион байгууллаа. Форумд оролцогчид соёлын бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой гэдгийг онцолж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг зөвхөн эдийн засгийн эргэлтэд оруулах бус түүндээ үндэсний өв соёлоо шингээх нь дэлхийд Монгол улсыг таниулан, сурталчлах томоохон боломж гэж салбарынхан үзэж байна. Үүний нэг жишээ нь Монгол цамын баг өмссөн Art toy буюу Тоглоомон урлагийн бүтээл байлаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл манай улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт. Дэлхийн хэмжээнд энэ хувь 6.1-ээр хэмжигддэг. БНХАУ-д л гэхэд ДНБ-ийнх нь 4 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг байна. Тэгвэл манай улс ирэх 5 жилд энэ хувийг 4 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ ч үүднээс форумаас уран бүтээлчдийн саналыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусган УИХ-ын Хаврын Чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.
Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн томоохон хөшүүрэг гэж үзэн экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж тооцоолоод байгаа юм. Уг форумд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, менежер Б.Нарангэрэл, боловсролын ажилтан Г.Төгсжаргал нар оролцов.