Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2024 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1541 дүгээр захирамж, Нийслэлийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/33 захирамжуудыг тус тус гаргасан.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, дүүргүүдийн хэлтэс, алба, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар дээрх захирамжуудын дагуу гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус музейн 16 ажилтан болон Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны 1,2,3 дугаар хэсгийн ахлагч нар өнгөрөгч амралтын өдрүүд буюу 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус хорооны 387 айл өрх, 7 албан байгууллагад хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, янданг буруу холбосон, пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байсан бөгөөд томоохон зөрчил илрээгүй байна.
Ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхалгагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна. Нэмэлтээр Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгсөн байна. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай. Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж буй.
Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.
Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.