“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн тухай хүргэж байна. #12 ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ (1935)

Шинжлэх ухааны эмнэлгийн нэг чухал салбар нь рашаан эмнэлэг, амралтын газар юм. 1930 оноос Жанчивлангийн рашааныг ашиглаж эхэлсэн ч төд удалгүй хаагджээ. 1931 онд нийслэлийн хойд этгээд Санзайн аманд Эрүүлийг хамгаалах яамнаас амралтын газар байгуулжээ. Түүнийг 1934 оны долоодугаар сард өөрчлөн Зайсангийн аманд Комбинатын рашааныг түшиглэн 60 ортой амралтын газрыг 1935 оны долоодугаар сард нээжээ. Рашааныг анх зөөвөрлөж хэрэглэж байв. Улмаар уг рашааныг анагаах ухааны үндэслэлтэйгээр зөв зохистой ашиглахын тулд рашааны нөөц байгаа газар дээр нь улсаас барилгыг бариулж 1951 онд ашиглалтад оруулжээ. 1958 онд Рашаан комбинатыг өргөтгөж нэг ээлждээ 150 хүн хүлээн авах чадалтай болгосноос гадна 200 хүний суудалтай клуб, гуанз, үйлчилгээний газрыг нэмэн бариулсан байна. 1971 оноос эхлэн Рашаан комбинатын шинэ барилга байгууламжийг Улсын барилгын зургийн институтийн зураг төслөөр Намын дээд сургууль (одоогийн Удирдлагын академи)-ийн баруун талд 9 га газарт барьж байгуулан 1974 онд ашиглалтад өгчээ.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.