УЛААНБААТАР – Энх цагийн бүтээн байгуулалт
гэрэл зургийн үзэсгэлэн (2013.10.24-11.15)
Дэлхий II дайн дууссаны дараа Улаанбаатар хот энх цагийн бүтээн байгуулалтад шилжив. Хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсан дэлхийн дайн дууссан нь хотын хөдөлмөрчдөд төрөлх хотоо жинхэнэ ёсоор шинэчлэн байгуулж хөгжүүлэх сайхан боломжийг нээв.
1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө СнЗ-ийн 47-р хуралдаанаар батлагдаж, энэ төлөвлөгөөнд хотын төв ба хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож барилгажуулах, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар бодож, ийм барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам (одоогийн Төв шуудан) хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.
Энх цагийн бүтээн байгуулалтын ажлын дагуу 1945-1950-иад онд Улаанбаатар хотын төв Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын сууц, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш Гадаад яамны байшин, Төв поликлиник, арай зүүхнээр 1-р амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр (одоогийн Хөрөнгийн бирж), Алтай зочид буудал (одоогийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар), хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барив. Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны эдгээр барилгыг барьж байгуулахад олзлогдсон япон цэргүүдийг оролцуулж нэлээд ажлыг хийжээ. Мөн энэхүү бүтээн байгуулалтад монгол улсын барилгын цэрэг оролцож, Засгийн газрын 50 дугаар байр (одоогийн Их тэнгэрийн цогцолбор), Сүхбаатарын нэрэмжит офицерын сургууль (одоогийн ХААИС), Мах комбинат, Хивсний үйлдвэр, Савангийн үйлдвэр, Гутлын үйлдвэр гэх зэрэг олон арван байгууламжийг барьж, хувь нэмэр оруулжээ.
Мөн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайг цардмал хучилттай болгож, төв дунд Д.Сүхбаатарын хөшөөг байгуулав. Үүгээр өнөөгийн Улаанбаатар хотын төвийн хэсгийн ерөнхий төрх бүрэлдэн бий болжээ. Дээрх хугацаанд Мах комбинатын барилгыг барьж, үйлдвэрийг ашиглалт оруулснаас гадна 8-16 айлын сууц, Төв Хорооны 23 айлын сууц, 30 дугаар барилга, Намын шинэ хүчний дээд сургууль, Пивоны завод, Модны заводын өргөтгөл, 8-р хорооны бага сургууль, Шинэ хүчний дээд сургуулийн клуб, гуанз, комбинатын ажилчдын клуб, Төмрийн заводын ажилчдын байр зэрэг олон барилгыг барьжээ.
Дайны дараа Улаанбаатар хотод барилга байгууламж, үйлдвэр завод, төмөр зам, цахилгаан станц, төмөр бетон гүүр, гудамж, талбай зэргийг шинээр барьж байгуулсан нь “орчин цагийн социалист хот” болоход ихээхэн түлхэц үзүүлжээ. Улмаар 1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагдсанаар Улаанбаатар хотыг цоо шинээр барьж байгуулах ажил эхэлжээ.