Улаанбаатар хотын музейн ажилчид, албан хаагчид 2014.01.18-ны Бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийж, ойр орчныхоо талбай, явган хүний замыг цэвэрлэлээ.
Monthly Archives: January 2014
“Хүмүүс” үзэсгэлэн болон аппаратны үзэсгэлэн
Ц.Батзориг агсны ” ХҮМҮҮС ” гэрэл зургийн,
Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын
үзэсгэлэн 2014 оны 1-р сарын14–ны 12 цагаас Улаанбаатар хотын музейд нээгдлээ.
Цэгмидийн БАТЗОРИГ (1966-2001) 1986-1992 онд ЗХУ-ын Ленинград хотноо улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид фото сурвалжлагчийн мэргэжил эзэмшжээ. 1992-1996 онд МОНЦАМЭ агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байгаад , 1996 оноос гэрэл зургийн мэдээлэл, сурталчилгааны “ГАММА” агентлагийг хэсэг нөхдийн хамт байгуулсан.
Ц.Батзориг 2001 оны 1 дүгээр сарын 14-нд баруун аймгуудад болсон байгалийн гамшиг, цас зудны тухай гэрэл зургийн сурвалжлага хийхээр албан үүргээ гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.
Тэрээр уран бүтээлийн бие даасан “Хүмүүс” үзэсгэлэнг 1998 онд Улаанбаатар хотод гаргасан. Энд толилуулж буй зургууд энэ үзэсгэлэнгийн ажлын зургууд юм.
Ажлын гэдэг нь үзэсгэлэнд тавигдах зургийг урьдчилан буулгаж сонголт хийдэг, зургаа хэрхэн томруулах төлөвлөгөө хийдэг зургууд юм.
Мэргэжлийн гэрэл зурагчдыг дэмжих, гэрэл зураг сонирхогчдыг олшруулах зорилгоор 2001-2011 онуудад Ц.Батзоригийн нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаан, үзэсгэлэнг зохион байгуулж байсан билээ.
Өнөөдөр Монголд гэрэл зураг сонирхдог, цаашид ажил мэргэжлээ болгох, улам ихийг сурч мэдэх хүсэл мөрөөдөлтэй олон зуун залуус бий болсон байна.
Тэдэнд зориулан Монголчуудын тухай, монгол хүмүүний амьдралын дүр төрхийг гэрэл зургийн урлаг, гэрэл зургийн хэлээр харуулах Ц.Батзоригийн дөчин таван бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Түүний сэтгэл зүрх нь юунд шаналж, дуран нь хаашаа чиглэж, юуны тухай өгүүлж байсныг харуулах эдгээр зургуудыг үзсэн хэн боловч Батзоригийн тухай, уран бүтээлийнх нь тухай, гэрэл зургийн урлагийн тухай шинэ бодол тээн үлдэнэ гэдэгт найдна.
Гэрэл зураг үүсээд 170 гаруй жил болж байна. Энэ цаг үеэс л фото аппаратны цуглуулга эхэлсэн буй за.
Харин монголчууд гэрэл зурагтай учраад 130 гаруй жил болжээ. Монголын тухай анхны гэрэл зургуудыг оросын судлаач Адрианов хэмээх хүн 1877 оны орчим авч мөнөөх зургуудаараа эзэн хааныхаа шинжлэх ухааны академийн шагнал мөнгөн медаль хүртэж байжээ. Харин энэ зургуудыг тэр үед ямар аппаратаар хэрхэн яаж авсан бол гэх мэт олон асуулт урган гарах нь зайлшгүй юм. Аливаа цуглуулга өөрөө олон мянган асуулт, тайлагдаагүй нууц түүх агуулж байдаг.
Түүхэн агшинг ганц товчоор баримт түүх болгон үлдээх фото аппарат нь тухайн он цагийнхаа техник технологийн хөгжил дэвшил, дизайны цогц шийдэл ул мөр болж үлддэг билээ. Фото аппарат үйлдвэрлэсэн орныхоо эдийн засгийн хөгжил дэвшлийг илэрхийлэхээр барахгүй, цаг хугацаа, орон зайны хаалтыг үгүй болгодог ид шидтэй хайрцаг бөлгөө.
Дэлхийн хорь гаруй орны 500 гаруй компани фирм фото аппарат үйлдвэрлэх буянтай ажлыг эрхэлж байжээ. Дэлхийн 2-р дайны өмнө герман, америкууд фото аппаратын зах зээлд тэргүүлж байсан беол дайны дараагаас япончууд хүч түрэх болсон байна. Цуглуулагчид фото аппаратыг хэрэглээ болон төрөл зүйл, үйлдвэрлэсэн орон зэргээр нь ангилан цуглуулах болжээ.
Улаанбаатар хотын музейд Д.Баяржаргалын цуглуулсан 1893-1993 оны хооронд бүтээгдсэн 50 орчим гэрэл зургийн аппаратыг дээжлэн сонгож тавьжээ. Д.Баяржаргал бол эцгийнхээ цуглуулгыг үргэлжлүүлж буй хоёр дахь үеийн цуглуулагч юм. Түүний эцэг СССР буюу хуучин ЗХУ-ын үед гарсан бараг бүх аппаратыг цуглуулсан бол хүү нь энэ цаг үеийг урагшлуулж, хамрах хүрээг өргөтгөсөн юм. Үүний нэг жишээ болгон 1890-ээд оны сүүлээс эхлэн АНУ-д үйлдвэрлэсэн КОДАК аппаратын хөгжил дэвшлийг эндээс харж болно.