Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Технологийн шийдлүүдийг ашиглан иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг Улаанбаатар хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 1000 орчим монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг хийж буй бөгөөд томоохон төслүүдийг Хотын дарга өнгөрсөн пүрэв гарагт УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүддээ танилцууллаа. “Дижитал Сити” хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар дижитал хот болохоо зарлалаа. Дижитал хот болохын тулд ямар ажлууд хийх вэ. Хэзээ Улаанбаатар бүрэн дижитал хот болох вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 36 багц бүхий 300 гаруй ажлыг эхнээс нь хийж байна. Үүний нэг нь Ухаалаг Улаанбаатар төсөл. Дэлхийд технологийн дэвшил хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед олон хот технологи дээр суурилсан дижитал шилжилтийг хийж буй. Улаанбаатар хот энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд мэдээлэл технологийн үндэсний компаниудтай уулзаж, төлөвлөлтийг хийсэн. Ухаалаг Улаанбаатар төсөл 27 багц асуудал болж задрах бөгөөд эхний ээлжид 12-ыг хэрэгжүүлнэ. Энэ 12-ыгоо Эрүүл, аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, мэдээллийн системүүдтэй холбох үйл ажиллагаа эхнээсээ бэлэн болсон. Улаанбаатар хот дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц асуудлаа шийдсэнээр Дижитал хот болох бүрэн боломжтой.

Дэлхийд дижитал шилжилтийг таван төлөвөөр ангилдаг. Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр үе шатаас хоёр руу шилжих шатандаа явж байна. Улаанбаатарыг дижитал хот болгохын тулд салбар хоорондын уялдаа холбоо, иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Интеграцийг хурдтай хийж чадсанаар Улаанбаатар хотын дижитал болох үйл явц хурдасна. Энэ нь төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах сайн нөлөөллийг бодитоор бий болгоно.

-Цахим шилжилт олон давуу талыг бүрдүүлнэ. 2016 оноос өмнө манай улс цахим шилжилтийг төрийн байгууллага руу анхаарч хийж байсан. Одоо салбар бүр рүү чиглүүлж байгаагаараа илүү ач холбогдолтой гэж харж байна?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн үйлчилгээ хүнд суртлыг багасгахгүйгээр урагшлахгүй. Цахим шилжилтийг хийхээс өмнө аливаа асуудлыг цаасаар шийддэг байсан нь төрийн үйлчилгээ авах гэж удаан хугацаагаар дараалалд зогсох, цаг хугацааны хувьд тодорхойгүй байдал үүсэх, эрх бүхий албан тушаалтан эргээд хариу өгөхдөө удах зэргээр чирэгдэл үүсгэдэг байсан. Энэ нь төр, иргэн хоорондын холбоо алсрах, төрд итгэх итгэл буурах, улмаар улс төр, нийгэм, эдийн засаг тогтворгүй болох гэх мэт маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Нийслэл Улаанбаатар хот 2016 онд E-Service үйлчилгээ нэвтрүүлж, нийслэлийн 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь өнөөгийн E-Mongolia-гийн суурь болж, хөгжсөн. Одоо 764 үйлчилгээг E-Mongolia-гаар үзүүлж байна.

-Энэ нь мэдээж маш их зардал, цаас хэмнэж байгаа болов уу?

-Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөгийг бодитоор хэмнэсэн. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэснээс гадна иргэдийн сэтгэл санаанд ч эергээр нөлөөлж байна. Төрийн үйлчилгээг таван минутын дотор авч, найман цагийн дотор шийдвэр гарч байна гэх мэт олон давуу талыг бодитоор бий болгосон. Дижитал шилжилтийг хотынхоо хэмжээнд богино хугацаанд хийж байж, цаашлаад дижитал үндэстэн болно. Хурдацтай хөгжиж байгаа технологийг Улаанбаатар хотын хөгжилд ашиглах бололцоог үндэсний 70 компани буюу 1000 монгол инженер хамтдаа бүрдүүлж байгаа. Технологийн давуу талыг сайн ашиглаж, бүх зүйлийг Монголдоо, өөрсдөө хийж байна.

Дэлхийн цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 193 орноос 74-р байрт жагсаж байна. Бид энэ жагсаалтад эхний 50-д багтах ёстой. Мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын бизнесийн орчныг сайжруулах үзүүлэлтээр 2020 онд 190 орноос 81-р байрт, олон улсын авлигын төсөөллийн индексээр 2021 онд 180 орноос 110-р байрт тус тус эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлтийг сайжруулахад цахим шилжилт хэрэгтэй. Өдгөө нийслэлийн бүх шатны буюу 1322 байгууллагын 30 мянга гаруй албан хаагч ERP системд холбогдож, орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцаж, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн.

Нийслэлээс иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээлүүдээс үүдэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байдал үүсэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард байгууллаа. Улмаар дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээ авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулна. Төрд давуу эрх байж болохгүй. Хяналт тавьж, зөвлөн тусалж, арга зүйн зөвлөгөө өгөх тогтолцоо руу орно.

ТЕХНОЛОГИЙН ХУРДТАЙ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

-Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх E-school aппликэйшн эцэг, эхчүүдэд маш хэрэгтэй санагдлаа. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. E-school боловсролын нэгдсэн платформыг төвийн зургаан дүүргийн 40 орчим сургуульд хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Улаанбаатар хот интеграцид ороход бэлэн байгаа. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй нэгдсэн интеграцид орж, өрхийн эмнэлгүүдээ холбох шаардлагатай. Ингэж байж нэгдсэн мэдээллийн урсгалаа яам болон нийслэлийн хэмжээнд хардаг, төрийн хүнд суртал хаана үүсэж байна, асуудал нь хаана байна гэдгийг нэг хяналтын самбарт хараад явах бүрэн бололцоотой. Технологи гэдэг өдөр тутам шинэчлэгдэж, хувьсаж буй зүйл. Тиймээс технологийн энэ хурдтай төрийн үйл ажиллагааг уях зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Улаанбаатар хотын 1.6 сая иргэн бараг бүгд ухаалаг утастай байна. Иймээс үүнийг холбох интеграцийг яаралтай хийж, хот болон Эрүүл мэнд, Боловсролын яам манлайлах хэрэгтэй. Жишээ нь, Үдийн хоол хөтөлбөрийг үүнтэй холбож, эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн өдөр ямар хоол идсэнийг хянах боломжтой. Мөн сургуулийн автобусаар хаана явааг нь харж болно. Эдгээр нь хүүхдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхээс гадна хэрэгцээтэй эрдсээ хоол хүнснээсээ авч чадаж байгаа эсэх, аюулгүй байдлыг хангах боломжийг олгож байгаа. Энэ бүх бололцоог бүрдүүлсэн системийг мэдээлэл технологийн үндэсний 70 гаруй компани буюу монгол 1000 инженертэй хамтран хийж, хэрэгжүүлж байна.

Хүн амын 50 хувь нь нийгэм, эдийн засгийн шаардлагаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Сингапураар жишээ авахад, 707.1 км² газар нутагт зургаан сая иргэн амьдардаг, 900 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Гэтэл Улаанбаатар хот 4704 км²  газар нутагтай, 662 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, 1.6 сая хүн амтай хэрнээ түгжрээд байгаа нь асуудал. Энэ нь дэд бүтэц, зам харилцаа, олон замын түвшний огтлолцол, системийн инженерчлэл, ухаалаг удирдлагын нэгдсэн системтэй холбоотой.

Старт ап компаниуд ч хотын бүтээн байгуулалтад оролцохоо илэрхийлж байна. Үндэсний жижиг компаниуд, залуучуудын нэгдэлтэй уулзсан. Залуучууд старт ап компаниуд байгуулж, бүтээмжийг бий болгож, хотдоо хувь нэмэр оруулъя, технологийн салбарт хүч өгье гэж байна. Энэ болгоныг нэгтгэж, нийлүүлж байж хот урагшлах ёстой.

ДИЖИТАЛ ХОТ БОЛОХОД МОНГОЛ ЗАЛУУС ГАДНЫН КОМПАНИТАЙ ТУРШЛАГА ХУВААЛЦАЖ, ТЕХНОЛОГИ СОЛИЛЦОЖ АЖИЛЛАНА

-Ухаалаг хот болохын тулд замын түгжрэл, камержуулалттай холбоотой ямар шинэчлэлүүд хийх вэ. Замын хөдөлгөөний зохицуулалт нь ухаалаг бус байна гэх шүүмжлэл бий.

-Бидний туулж байгаатай яг адилхан асуудлыг дэлхийн томоохон хотууд дайрч гарсан. Одоо ч дэлхийн томоохон хотуудад түгжрэл байна. Түгжрэлийг бууруулахын тулд хяналт, зохицуулалтын систем, замын хөдөлгөөн, зогсоолын менежмент, автомашины бүртгэлийг сайжруулах хэрэгтэй. Автомашины бүртгэл, оношилгоог хот өөрөө хийдэг, татвар, хураамжаа авдаг, дугаараа олгодог байх ёстой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд халдаж байгаа осол их гарч байна. Зөрчил гаргавал торгодог, торгууль, хураамжаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасдаг болох шаардлагатай. Энэ бол иргэний хариуцлага, үүрэг юм.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл жилд 80 мянгаар нэмэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд машиныхаа тоог гүйцэхгүй байна. Түгжирсээр, цаашид бүр тэг зогсох ч эрсдэлтэй. Үүнийг эхлээд цэгцлэх ёстой. Улаанбаатар хотод механик хүн амын өсөлт 35 мянгаар нэмэгдэж байна. Ердийн өсөлт 40 мянга байна. Хотын даац хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн 30 орчим жилийн ужгирсан, төлөвлөлт алдагдсан асуудлыг 3-4 жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Цэгцлэх, хууль, журмыг өөрчлөх, стандарт тогтоож, гарааш, хашаа, хайс буулгаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Тэнд ая тухтай орчин бүрдүүлж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган болон дугуйн зам, камержуулалт хийж байгаа.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийг Засгийн газрын түвшинд хийхээр болсон. Үүний дараа маршрутын шинэчлэл, Богино эргэлт, RFID систем, гэрэлтүүлэг болон нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх асуудал орж ирнэ. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлнө. Одоо RFID систем суурилуулж байгаа. Үүний дараа Чингисийн өргөн чөлөөг чөлөөлж, замын хөдөлгөөний хяналтын системийг үе шаттай сайжруулна. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явдаг болно. Богино эргэлтийн маршрутын зураглалыг хийж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газарт реформ хийнэ. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийснээр хөгжүүлэлтийн систем, замын нөхцөл байдал, хаана ямар байгааг харах удирдлагын нэгдсэн систем бий болно. Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр дэлхийн томоохон мэдээлэл технологийн “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Одоо энэ ажил хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд бид үндэсний компаниудаа нэгтгэн оруулж байна. Дижитал хот болоход монгол залуус гаднын компанитай туршлага хуваалцаж, технологи солилцож ажиллана. Мөн боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, авлига, хүнд суртлыг бууруулах ажлуудыг цахим шилжилтийн хүрээнд хийнэ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛАН, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

-Дижитал шилжилтийг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал иргэнийг танилцууллаа. Энэ нь ямар ач холбогдолтой, ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Энэ бол их өгөгдөл дээр суурилсан, хиймэл оюун ухаан. Монгол хэл ойлгодог анхны виртуал иргэн Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн  үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадна. Манай мэдээлэл технологийн салбарын инженерүүд дэлхийн стандартад өөрсдийгөө авчирсны бодит жишээ нь Эгүнэ. Энэ бол Монголын мэдээлэл технологийн салбар дэлхийн түвшинд гарч ирснийг, технологиос хоцроогүйг харуулж байна. Цаашид хиймэл оюун ухаанд суурилан тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн хөгжилтэй технологийн салбарын залуучууд маань хөл нийлүүлэн алхаж байна. Тэдний эрдэм мэдлэг, хүч оролцоонд суурилсан бодлогууд цаашдаа илүү эрчтэй, хүчтэй яваасай гэж боддог. “Apple”, “Samsung”, “Amazon”  гэх мэт дэлхийн шилдэг технологийн компаниудад ажиллаж байсан монгол инженерүүд маань Улаанбаатар хотын цахим шилжилтэд гар бие оролцож байна. Би монгол залуучуудынхаа оюун ухаан, эрдэм чадалд итгэж байгаа. Бид үндэсний компаниудаа төсөв, санхүүгийн хувьд аль болох дэмжиж ажиллана.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Намрын адаг сарын нар хур тэгширсэн, билигт сайн өдөр нийслэл Улаанбаатар хотын ой тохиож байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шавыг тэртээ 383 жилийн өмнө Ширээт цагаан нууранд анх тавьсан цагаас хойш Улаанбаатар хот 28 удаа бууриа сэлгэн нүүж, хатан Туулын хөндийд суурьшсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх, үр хойч үедээ өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улаанбаатар хот өдгөө өнгө жавхаа нэмэх өргөн хөгжлийн замд гарсан. Нийслэлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Цаашдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, “Миний Улаанбаатар” дууг Улаанбаатар театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг дуулав. Мөн нийслэлийн ойн өдрөөр шинээр гал голомтоо бадрааж буй хосод Хотын дарга бэлэг гардуулж, аз жаргал хүссэн юм.

Одоогоос 383 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Мөн нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцов.

Хотын дарга Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулав

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчууддаа танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг Хотын дарга онцоллоо.

Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэг,

  1. Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
  2. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  3. Төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах
  4. Хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх
  5. Авлига, хүнд суртлыг бууруулах
  6. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Нийслэлээс цахим шилжилтийн хүрээнд өмнө нь хийж байсан ажлууд болон үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулъя.

 UB ERP систем

Өдгөө нийслэлийн бүх шатны 1322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлуудыг халж, 2.415.231 албан бичгийг цахимаар солилцсоноор 2.565.275 цаасыг хэмнэсэн.

Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл болсон.

Тус системд түшиглэн, албан хаагч тус бүрд өөрсдийг нь тодорхойлох, үнэлгээ өгөх, гомдол, талархал илгээх, удирдах албан тушаалтнуудтай уулзалтын цаг товлох боломж бүхий QR кодыг нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор үнэлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж байна.

E-Service – E-Mongolia

2018 онд нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь богино хугацаанд иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн. Үүнээс гарч буй эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн сайн туршлага болж, өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.

Онлайн бизнес төв

Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийт 6905 хүсэлт ирснээс 5465 хүсэлтийг шийдвэрлэн, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн. Хүсэлтүүдийг ажлын найман цагт шийдвэрлэн ажиллаж байна. Ингэснээр нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 18.664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит үр дүн, хэмнэлт гарсан.

  • 976 баримт бичиг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болсон.
  • 306.000 төгрөгийн бичиг хэргийн болон тээврийн зардлыг хэмнэж байна.
  • 936 цагийг хэмнэх боломж бүрдсэн.

“Дижитал СИТИ” гар утасны аппликейшн

Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.639.172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий Дижитал СИТИ” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлнэ. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих юм.

  • Ингэснээр төр, иргэн хоорондын харилцаа шинэ түвшинд гарч, зардал хэмнэн, төрийн бүтээмж нэмэгдсэнээр төрийн шат шатны байгууллагуудын хяналт, хариуцлагыг сайжруулах боломж бүрдэнэ.
  • Түүнчлэн тус аппликейшнийг ашиглан Монгол Улсын болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх, УИХ болон НИТХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо санал асуулга явуулах, судалгаа авах бүрэн боломжтой болно.
  • Цаашлаад Москва хотын сайн жишээн дээр тулгуурлан иргэдийн оролцоог сайжруулах, иргэний үүргээ биелүүлж хотын орчны тохижилт, эвдрэл, гэмтэлтэй холбоотой зөрчлийн мэдээллийг ирүүлэх, их хотын өнгө төрхийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх урамшууллын системийг нэвтрүүлэх боломжтой. Москва хот нь иргэдийнхээ оролцоог хангах зорилгоор үе шаттай урамшуулал /купон/-ын системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж, иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлсэн байдаг.

Боловсрол /E-school/

Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. Эдгээр оролцогч талын оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, багш болон сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор E-school боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

  • Тус системээр дамжуулан сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид мэдээллээ цаг алдалгүй авах, солилцох, сурагчдын мэдээллийг эцэг эхчүүд цахимаар ил тод авах, хяналт тавихаас гадна сурагчдын үдийн хоол болон хүүхдийн автобус үйлчилгээнүүдэд хяналт тавьж, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
  • Тухайлбал, сурагч сургууль дээр байршуулсан киоск машинд картаа уншуулахад эцэг эхчүүдэд тухайн өдөр идсэн хоолны мэдээлэл очно. Ингэснээр эцэг эхчүүд үдийн хоол хөтөлбөрт өдөр бүр хяналт тавих боломж бүрдэх юм. Мөн эцэг эхчүүдэд зориулсан аппликейшн ашиглан сурагчийн цахим картыг цэнэглэх боломжтой. Энэ нь сурагч сургууль дээр бэлэн мөнгө ашиглахгүй болсноор бусдыг дээрэмдэх, дээрэмдүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.
  • Мөн хүүхэд сургуулийн автобусанд байршуулсан төхөөрөмжид сурагчийн цахим картаа уншуулахад эцэг эхийн аппликейшнд хүүхэд нь автобусанд суусан тухай мэдээлэл очно. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ автобусны байршлын мэдээллийг харах боломжтой гэсэн үг юм.

 Зам, тээвэр

Нийслэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал нь түгжрэл болсон. Улаанбаатар хот 1.6 сая иргэн, 600 мянга гаруй автомашин, 1381 км хатуу хучилттай авто замтай. Богино хугацаанд авто замын хүртээмжийг нэмж, шинэ зам барих нь цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс түгжрэлийн суурь шалтгаанд үндэслэн одоо байгаа нөөцөө зөв төлөвлөж, тээврийн хэрэгслийн эрэлтийг хэсэгчлэн хангах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл боловсруулан төрийн шат шатны 40 гаруй байгууллага хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 9 дэд систем бүхий төсөл, арга хэмжээний шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Үүнд:

❖   RFID систем

❖  Газрын зургийн суурь систем

❖ Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Smartcar”

❖ Шалган бүртгэх товчоодын төлбөрийн систем

❖ Видео менежментийн систем

❖ Нийслэлийн Дата төв

❖ Авто зогсоолын нэгдсэн систем

❖ Нийтийн тээврийн систем

❖ Мэдээлэл солилцооны дэд систем

Эхний ээлжид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зөв менежментийн дагуу төслүүдээ хэрэгжүүлнэ. Замын хөдөлгөөний бодит эрчмийн мэдээлэлд тулгуурлан цаашдын төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн уулзвар, цэгүүдэд радио давтамж тодорхойлох RFID дэвшилтэт технологийг суурилуулан, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төхөөрөмж нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч бүх тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээг суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн зорчилт, бүртгэл, эзэмшигчийн мэдээлэл, холбогдох татвар, хураамж, торгууль оношилгооны мэдээллийг төрийн чиг үүргийн байгууллагуудад шууд хүргэх технологи юм. Улмаар тээврийн хэрэгслээр үйлдэгдэх аливаа зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх хяналтыг 20 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.

1. Камержуулалт

Улаанбаатар хотын хэмжээнд нэгдсэн камерын хяналтын систем байдаггүй, 30 гаруй тусдаа систем ашиглаж байна. Нэгдсэн төлөвлөлтгүй байснаас болж чиг үүргийн байгууллага тус бүр камер суурилуулалт хийх дэд бүтэц, шилэн кабел татахад ихэнх төсвөө зарцуулж, мөн хямд гэх нэрийдлээр чанаргүй тоног төхөөрөмж ихээр суурилуулдаг. Энэ байдлыг халж өөрийн орны онцлогт тохирсон нэгдсэн төлөвлөлт, стандартын дагуу зөрчил илрүүлэх аналитик систем бүхий камерыг суурилуулахаар эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний нийт 44 цэгт 45 зөрчлийн камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар орчмын гурван цэгт зөрчил илрүүлэх камер суурилуулах ажил дуусах шатандаа явж байна.

Цаашид замын хөдөлгөөний зөрчил болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх камерыг нэгдсэн төлөвлөлттэй, стандартын дагуу суурилуулан, чиг үүргийн төрийн байгууллагууд хооронд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг түргэн шуурхай солилцох, томоохон өгөгдлийн сан үүснэ. Мөн камерын хяналтгүй бүсүүд дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид хөдөлгөөнт эргүүлийн 16 машиныг орчин үеийн камераар тоноглож камерын хяналтгүй бүсүүдэд зөрчил илрүүлэн Зам, тээврийн нэгдсэн системд мэдээлэх боломжтой болно.

2. Smartcar систем

2016 оноос өмнө иргэд тээврийн хэрэгслийн татвар, даатгалаа төлөх гэж аль нэг банк, нэг цэгийн үйлчилгээний төвд дугаарлаж, цаг хугацаа их алддаг байсан. Энэ тогтолцоог халж 2016 оноос тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний Smartcar системийг хэрэглээнд нэвтрүүлж, иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 147.444 тээврийн хэрэгслийн 12.282.942.717 төгрөгийн татварын орлогыг, 153.384 тээврийн хэрэгслээс 3.886.780.405 төгрөгийн торгуулийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Энэхүү суурь системээ хөгжүүлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх, ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгох, ажилчдын автобусны зөвшөөрөл олгох үйлчилгээ, авто зогсоолтой холбоотой сул зогсоол болон дүүргэлтийн мэдээллийг харж онлайнаар захиалах, төлбөрөө төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ, мэдээллийг нэгтгэн, хөгжүүлэлтийг хийж байна. Ингэснээр Smartcar тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем нь дэлхийн ухаалаг хотуудын жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн жолооч, замын хөдөлгөөнд оролцогч иргэд болон зам тээврийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг бүх оролцогч талыг нэгдсэн мэдээллээр хангах тээврийн хэрэгслийн үйлчилгээний цогц систем болж өргөжих юм.

3. Шалган бүртгэх товчоо

Нийслэл орчмын авто тээврийн шалган бүртгэх товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны  хураамжийг биет байдлаар авахтай холбоотой үүсэх тээврийн хэрэгслийн дарааллыг арилгах зорилгоор төлбөр авах процессыг хялбаршуулна. Ингэхдээ иргэдийн арилжааны банкны зөвшөөрөгдсөн картын данснаас шууд татан авалт хийх, нэхэмжлэх үүсгэн дараа төлбөрт байдлаар төлөх зэрэг олон төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлэх юм. Мөн товчоодоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, зөрчлийг илрүүлэхээр шалган бүртгэх товчоодод радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмж суурилуулна. Улмаар тээврийн хэрэгслийн татвар, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд хяналт тавих, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Нийслэлийн шалган бүртгэх товчоодыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн төлбөр авах үйл ажиллагааг нь  цахимжуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Эдгээр ажил хэрэгжихэд бэлэн болсон гэдгийг Хотын дарга онцлоод, дижитал хот болж байж дижитал үндэстэн бий болно хэмээлээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажил дууслаа

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг болох Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтын ажлыг хийсэн юм. Хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус ажлыг гүйцэтгэжээ.

Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, 2020 онд хот орчмын түүх соёлын дурсгалт газруудын судалгааг хийн 47 байршлыг илрүүлсэн юм. Эдгээрээс ач холбогдол бүхий таван байршлыг сонгон, тохижилтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Тэдгээрийн нэг нь Их тэнгэрийн амны хадны зураг. 3000 жилийн өмнөх үед хамаарах дурсгалт өвийг сэргээн тохижуулахдаа яг тухайн үед нь очсон мэт байгальд ээлтэй байдлаар тохижуулахыг зорьсон. Бид дурсгалт өвөө арчлан хамгаалж, түүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллалаа. Уг зорилтын хүрээнд үлдсэн байршилд тохижилтын ажлыг шат дараатайгаар хийнэ” хэмээсэн юм.

Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын 300 гаруй байршилд 1500 орчим археологийн дурсгал байдаг. Энэ тоо судалгааны үр дүнд нэмэгдэх боломжтой. Гэвч эдгээр археологийн дурсгал дунд хадны зураг тун цөөн бий. Хамгийн алдартай нь Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Бурхант уулын хадны зургууд юм. Их тэнгэрийн амны хадны зураг нь хэд хэдэн үеийг хамарсан цогцолбор дурсгал гэж хэлж болно. Тухайлбал, 3000 жилийн өмнөх буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг, 13-14 дүгээр зууны үед хамаарах хар бэхэн зураг, бичээс бий. Мөн 18-19 дүгээр зууны үеийн бурхны шашны төвд бичээс, монгол бичиг зэрэг байдгаараа онцлог. Энэ дундаас 13-14 дүгээр зууны үед холбогдох хар бэхэн дүрслэлүүд нь Монголын нутгаас маш цөөхөн олдсон. Ялангуяа монгол эмэгтэй хүн богтог малгайтай, дээл өмсчихсөн дүрслэл бол маш ховор байдаг. Хадны зургийг олон нийтэд үзүүлэх боломжтой болж байгаа нь сайхан байна. Өмнө нь аялагч, жуулчдад эдгээр археологийн дурсгалаа танилцуулахад зориулалтын шат байхгүйн улмаас хад руу авирч гарах зэргээр хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. Тиймээс НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ШУА-ын Археологийн хүрээлэн хамтраад хадны сүг зургийн тохижилтын ажлыг хийж, олон нийтэд нээлттэй үзүүлэх боломжийг олгож байгаа нь тун сайхан санагдаж байна. Олон нийтэд зориулсан хадны зургуудыг цаашид илүү сайн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн таниулах учиртай. Тиймээс уг хадны зургийг үзэж, сонирхох иргэд, жуулчид маань археологийн дурсгалт өвдөө хүндэтгэлтэй хандаж, хадан дээр бичиж сараачин, гэмтээхгүй байх үүрэгтэй юм шүү” гэв.

“Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийн хүрээнд таван байршлыг тохижуулахаар төлөвлөснөөс өнөөдөр ийнхүү Их тэнгэрийн амны хадны зургийн тохижилтын ажил дууслаа. Үргэлжлүүлэн Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, Тоорил хааны орд, Ар гүнт дэх дөрвөлжин булш, Гачууртын амны хадны зургийг шат дараатайгаар тохижуулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Улс, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагналаа

Нийслэлийн 383 жилийн ой аравдугаар сарын 29-нд тохиож буй. Энэ хүрээнд өнөөдөр улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, амжилттай, үр бүтээлтэй ажилласан нийгмийн салбарын ажилтнууд болон нийслэлийн алба хаагчдыг шагналаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан байлцав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Хотын дарга болон нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шагнал, урамшуулал гэдэг залуу хүмүүст урам зориг болж, ахмад наснуудад өнгөрсөн хугацааных нь хөдөлмөрийг үнэлсэн талархал, хүндэтгэл байдаг. Нийгмийн салбар бол ажлын үр дүн шууд гардаггүй, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг онцлогтой. Энэ салбарт хувь нэмрээ оруулж, төрийн ажлыг анхан шатнаас нь хэрэгжүүлж, иргэдэд хүргэдэг та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Тус үйл ажиллагааны үеэр улсад олон жил ажиллаж буй, НЗДТГ-ын 50-иас дээш настай 17 ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт медалиар шагнасан юм. Тухайлбал, Монголын Хүүхдийн ордны Төгөлдөр хуурын багш, улсад 38 жил ажиллаж буй Т.Туул, тус байгууллагын ахлах нягтлан бодогч, улсад 39 жил ажиллаж байгаа М.Байгалмаа, мөн байгууллагын жижүүр, улсад 34 жил ажиллаж буй Д.Нарандалай нар уг шагналыг хүртэв. Түүнчлэн нийт 90 албан хаагч НИТХ-ын Хүндэт тэмдэг, Хүндэт үнэмлэх, Нийслэлийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналыг тус тус гардлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Жендэрийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорлоо

Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж дууслаа.

Ийнхүү гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл өнөөдөр гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчид шагналаа гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад гардуулан өгөв.

Уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналт сурагч Д.Болормаа:

-Аав, ээж, багш маань биднийг хайрлаж, байнга шинэ зүйлс зааж өгдөг шүү дээ. Тиймээс ээж, аавууд маань биднийг энэ тэнцүү хайрлаж, амьдралд тэгш оролцоотой хандаж, өөр өөрсдийн үүргээ биелүүлдэг гэдгийг зургаараа илэрхийлэхийг зорьсон. Тэмцээний талаар багшаасаа сонсоод оролцохоор шийдэж, зургаа хоёр өдрийн турш зурсан. Шагналт байранд шалгарснаа мэдээд маш их догдолж, өөрөөрөө бахархаад, хэлэх үг олдохгүй байсан.

Гар зургийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Э.Номинжин:

-Тэмцээний талаар багшаасаа мэдсэн. Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш оролцоотой гэж би боддог. Эмэгтэй цагдаа, сансрын нисгэгч, баатар, эрэгтэй цэцэрлэгийн багш, эмч гээд бүгд адилхан учраас тэр санаагаа зурагтаа тусгахыг хичээсэн. Тэмцээнд ороод шагнал авсандаа баяртай байна.

Эсээ бичлэгийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Г.Хаш-Эрдэнэ:

-Жендэр гэх ойлголт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор гарч ирсэн гэж боддог. 1950 он хүртэл жендэрийн ойлголтыг хүмүүс тэр бүр чухалчилж авч үздэггүй байсан. Тэрнээс хойш “Эмэгтэйчүүдээ хамгаалъя” л гэдэг болсон. Жендэр гэхээрээ л эмэгтэй хүмүүсийг илүү их анхаараад, эрэгтэй хүмүүсийг тоохоо больчихсон. Тиймээс “Эрэгтэй хүмүүст ч гэсэн анхаарал хандуулъя” гэдэг санааг эсээндээ гаргаж өгсөн. Бага ангид байхад ангийн охид хөвгүүдийг зодож, дээрэлхэх тохиолдолд хэн ч тоодоггүй байсан. Харин хөвгүүд нь эргүүлээд охидыг өдөхөөр загнуулдаг. Манай нийгмийн ажилтан энэ талаар сургалт орж, хэн нь ч хэнийгээ дээрэлхэж болохгүй, нэгнийгээ хүндлэх хэрэгтэй гэж зааснаар охид ч биднийг дээрэлхэх нь багассан. Хааяа дүрсгүйтээд нэг нэгнийгээ өддөг ч гэсэн тоглоом, шоглоомоо ялгадаг болсон гэх юм уу даа. Эсээгээ бичээд, шагнал авч байгаадаа баяртай байна.

Эсээ бичлэгийн уралдааны хоёрдугаар байрын шагналт сурагч П.Энгүүн:

-Тэмцээний талаар аравдугаар сарын 10-нд мэдсэн. Гэтэл яг маргааш нь материалаа хураалгах сүүлийн өдөр байсан болохоор маш их сандарч, яарч бичсэн. Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг илтгэдэг гэж ойлгодог. Тиймээс нэг нэгнийгээ хүйсээр ялгаварлан, дээрэлхэхгүй байх хэрэгтэй гэсэн санааг эсээндээ бичсэн. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэн хэнийгээ хүндэлж харьцах хэрэгтэй гэж боддог. Би өмнө нь даамны тэмцээнд л орж байсан бол өнөөдөр анх удаа эсээ бичлэгийн уралдаанаас шагнал авлаа. Маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байна.

“Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааны шагналын эзэд

Гар зургийн уралдааны шилдгүүд:

  • Нэгдүгээр байранд 18 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Болормаа
  • Хоёрдугаар байранд 75 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Дөлгөөн
  • Гуравдугаар байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Номинжин

Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд:

  • Нэгдүгээр байранд 51 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Нандин-Учрал
  • Хоёрдугаар байранд 57 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч П.Энгүүн
  • Гуравдугаар байранд “Шинэ Монгол” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Г.Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Дэлхийн суут хүмүүн, Их Монгол Улсыг үндэслэгч, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой 2022 онд тохиож байгаа бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр “Чингис хаан” музейн албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидахыг онцлон тэмдэглэв. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов.

“Чингис хаан” хаад, язгууртны музей нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, мөн томоохон бодит үйл явдлыг харуулсан 12 мянга орчим үзмэртэй байна.

Монгол Улсын Засгийн газар “Чингис хаан” хаад, язгууртны музей байгуулах шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргаж, Гадаад харилцааны яам музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд гадаадын улс орнуудаас монгол хаадын түүхийн зарим үзмэрүүдийг хуулбарлан авах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ИБУИНХУ, ХБНГУ, АНУ, ОХУ, Япон, Франц, Польш, Швед, Турк, Австри зэрэг дэлхийн 12 улсаас 28 дан мөн иж бүрдэл үзмэрийн “А” болон дижитал хуулбарыг музейн сан хөмрөгт хуулбарлан авах ажлыг зохион байгуулсан.

Тухайлбал, Юань гүрний цэргийн жанжны тамга, Зүүн гарын 4 хаадын хөрөг, Алтан ордны Тохтамыш хааны захидал, Юань гүрний цэргийн довтолгооны хуйлмал зургийн А” хуулбарууд болон Марко Пологийн тэмдэглэл зэрэг үзмэрүүд багтаж байна. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн урилгаар оролцож хүндэт дэвтэрт сэтгэгдэлээ үлдээж гарын үсэг зурсан байна.

  

“Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг боллоо

НЗДТГ, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн Жендэрийн салбар хорооны удирдлагууд болон НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид бүхий 100 гаруй алба хаагч хамрагдав.

Тус сургалт, хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх мэт онцлог асуудлыг авч, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга З.Төмөртөмөө “Жендэрийн асуудал ярихад зөвхөн эмэгтэй хүний тухай авч үздэг цаг өнгөрсөн. Өмнөх цаг үеийг бодвол жендэрийн тухай ойлголт нэмэгдсэн байна. Гэвч үүнийг цаашид ч нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай. Нэг удаагийн хурал, уулзалтаар асуудал шийдэгдэхгүй учраас үүнийг тогтмолжуулах нь зүйтэй. Өнөөдрийн орсон сургалтыг хэлэлцүүлэгт хамрагдсан удирдах албан тушаалтнууд цааш өөрсдийн албан байгууллага, ажилтнууддаа болон олон нийтэд хүргэх учиртай” гэсэн юм.

Төрийн алба бол хувийн бус, нийтийн эрх ашгийн төлөөх алба учраас жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийг ямагт хангаж, эрэгтэй болон эмэгтэй хүний ялгаатай хөгжилд зориулсан бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Уг сургалт, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцов.

НЗДТГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүрээнд

  • I-V ангийн сурагчид дунд “Гэр бүл дэх эцэг, эхийн оролцоо – Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт гар зургийн уралдаан
  • VI-IX ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
  • X-XII ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулжээ.

Энэ хүрээнд илтгэлийн тэмцээнд түрүүлсэн сурагчдад өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шагнал гардуулж, гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэлээ. Мөн тэргүүн байр эзэлсэн нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 12б ангийн сурагчид болох Б.Хүслэн, Э.Сэцэн нар “Өсвөр насны хүүхдүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг судалсан нь” сэдвээр илтгэлээ танилцуулсан юм.

Монгол Улс дахь жендэрийн статистик дараах хувьтай байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот цахим шилжилт хийх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тус зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ашиглах Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн системийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Тус нэгдсэн систем ашиглалтад орсноор албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах, бичиг цаас, зардал хэмнэх  зэрэг олон давуу тал бий болох юм.

 

Энэ хүрээнд НЗДТГ-аас “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны 87 байгууллагын 286 албан хаагч хамрагдсан юм.

Тус сургалтыг гурван сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Үүнд:

  • Нийслэлд хэрэгжиж буй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцох, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлын тухай
  • Нийслэлд хэрэгжиж буй хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцох, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлын тухай
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн системийн танилцуулга багтжээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй суурь асуудлууд болох инженерийн дэд бүтцийн хүртээмж, орлогод нийцсэн орон сууцыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг хамгийн том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын чиглэлээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, тухайлсан төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэгт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүдийг бүх талаар дэмжин ажиллана. Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт олон улсын ачаа тээвэр, логистикийн төв байгуулах, нийслэлд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх, олон улсын жишиг номын сан байгуулах, цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад таатай байх болно” гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүд маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, уг төслүүд цааш үргэлжлэх нь чухал гэлээ.

Уулзалтын үр дүнд талууд боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал боллоо

Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурлыг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар тус байгууллагын хамт олны хийж буй ажилтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг сонсож, хамтран шийдвэрлэж маш үр дүнтэй нэг өдрийг өнгөрөөв. Уг хуралд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцлоо.
Хурлын тухайд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Бидний асуудал нэг учир цаашид салбар хоорондын уялдааг илүү ханган, ойр ажиллах шаардлагатай байна. Иймд энэ хурлыг тогтмолжуулж, заавал хөрөнгө санхүү гэхгүйгээр байгууллагууд өөрсдийн нөөц боломж, дотоод баазыг ашиглан хамтран ажиллах нь ажлын урсгал, хамтын ажиллагааг сайжруулах үр дүнтэй гэж харж байна” хэмээн онцлов.
Дашрамд дурьдхад Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд залуусыг амьдрах, суралцах нөхцөл боломжоор ханган, улмаар мэргэжил олгох үйл ажиллагаа явуулдаг, 24 цагийн үйлчилгээтэй нийслэлийн төсөвт асрамж халамжийн байгууллага юм. Одоогоор тус цогцолборт 130 орчим гаруй хүүхэд залуус нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авч байна.

Түүхийн музей

 Түүхийн музей

Түүхийн музей гэдэг нэр томъёог ихэвчлэн үзмэр, цуглуулгуудыг хадгалж буй олон төрлийн музейд ашигладаг бөгөөд ихэнх тохиолдолд он цагийн дарааллыг харуулах үүднээс толилуулдаг. Энэ төрлийн музейд нь түүхийн ерөнхий агуулгыг хамарсан шинж чанартай учраас урлаг, шинжлэх ухааны маш олон үзмэр хадгалагдаж болох тул тэдгээрийг ерөнхий музей гэж нэрлэдэг.

Түүхийн төрөлжсөн асуудлуудтай холбоотой музей нь улс, хот, орон нутгийн хэмжээнд байж болох ч үндэсний хэмжээнд ерөнхий түүхийн музей ховор байдаг. Үүний нэг жишээ бол Мексик улсын Мехико хотын Чапултепек цайз дахь Үндэсний түүхийн музей юм.

Мексик улс дахь Чапултепек музей

Орон нутгийн болон бүс нутгийн түвшинд Лондонгийн музей болон Амстердам, Дрезден, Люксембург, Нью-Йорк, Стокгольм, Варшав зэрэг хотын музейн цөөн хэдэн жишээ байдаг. 

Хэрэв музейд холбогдох үзмэр олдохгүй эсвэл агуулгын хувьд таарахгүй бол тайлбарлагч нар он цагийн дарааллыг хадгалах, тайлбар хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд сэргээн шинэтгэсэн үзмэр, загвар, график хэрэглэх заримдаа мультимедиа техник ашиглан үзүүлдэг.

Түүхийн музейд археологийн олдвороор мэргэшсэн өвөрмөц төрөл байдаг нь эртний олдворын музей юм. Эрт үеийн үзмэрийн цуглуулгыг хэд хэдэн хотын үндэсний музейгээс олж болно, тухайлбал Амман, Йордан; Афин; Каир; Копенгаген; Эдинбург; Мадрид; болон Мехико хотын музей юм. Эртний олдворын музей нь ялангуяа Европ, Азид түгээмэл байдаг. Археологийн төрөлжсөн музейг эртний олдворын баялаг өвтэй газар, эсвэл олдворын байршлийг түшиглэсэн хэлбэрээр байгуулдаг. 

Түүхийн музейн өөр нэг төрөлжсөн хэлбэр нь угсаатны зүйн үүднээс материал цуглуулж, үзмэрлэдэг. Энэ нэр томъёоноос харахад цуглуулгын танилцуулгад он дараалал гэхээсээ илүү соёлыг чухалчилдаг. Үүний тод жишээ бол АНУ-ын Вашингтон ДС дахь Смитсоны институтын Америкийн индианчуудын үндэсний музей юм. Энэхүү музей нь 2004 онд нээгдэхдээ Америкийн бүх нутгийн уугуул ард түмний соёлын амьдралыг нэг музейд багтаасан өвөрмөц байгууллага хэмээн өргөмжлөгдсөн. 

Тус музей нь Хойд, Төв, Өмнөд Америкын уугуул Индианчуудад зориулсан бусад олон музейгээс дээгүүр хэмжээнд судалгаа, дүн шинжилгээ хийж, олон нийтэд зориулан үзүүлдэг болно.  Угсаатны зүйн музей нь Африк, Далайн шинэ үндэстний улсуудад онцгой ач холбогдолтой байсан бөгөөд эдгээр нь янз бүрийн соёлын бүлгүүдийн үндэсний эв нэгдэлд хувь нэмэр оруулах хэрэгсэл гэж үздэг. Аж үйлдвэржсэн орнууд, ялангуяа колоничлолд оролцож байсан орнуудын дунд угсаатны зүйн музей нь бусад ард түмний соёлын музей байсан уламжлалтай.  

Эдгээр байгууллагуудын ихэнх нь колоничлолын оргил үед алс хол, үл мэдэгдэх ертөнцийг харах цонх байсан нийслэл хотуудад байгуулагдсан байдаг. Ийнхүү Парис дахь Musée de l’Homme (Хүний музей), Лондон дахь Британийн музей, Амстердам дахь Тропенмузеумд тус тус байгуулагдсан. Гэсэн хэдий ч 20-р зууны сүүл ба 21-р зууны эхэн үед ийм цуглуулгын бүтцийн өөрчлөлт нь колоничлолын бие даасан хоёрдмол байдлаас ангижрах хүчин чармайлтыг санал болгов. 

Мөн улсуудад угсаатны зүйн төрөлжсөн музей байдаг. Ихэвчлэн эдгээр нь Оксфорд дахь Питт Риверсийн музейтэй адил, эсвэл Германы Бремен дэх Хилийн чанад дахь музей, эсвэл Английн Ливерпүүл, Мерсисайд дахь Үндэсний музей, галерей зэрэг худалдааны харилцаанаас болж үүссэн байдаг. Сүүлийн хоёр жишээ нь олон улсын томоохон боомттой ойрхон байсантай холбоотой.

Соёлын түүхийн музейн өөр олон хэлбэр байдаг. Хот, хөдөөгийн уламжлалыг хадгалахад чиглэсэн музейнүүд юм.  Эдгээр нь технологийн дэвшлийн хурдацтай тоогоор хурдацтай нэмэгдэж байна. Үнэхээр ч зарим түүхийн музей нь орчин үеийн амьдралын янз бүрийн материаллаг талыг баримтжуулах, олдворыг сонгон цуглуулах ажилд оролцдог. Энэ төрлийн ажлыг Шведэд анхлан эхлүүлсэн бөгөөд 1873 онд Артур Хазелиус Стокгольм дахь Нордикийн музейд уламжлалт амьдралын анхны музейг байгуулжээ. Үүний дараа 18 жилийн дараа Скансенд анхны задгай музей байгуулагдав. Хуучин Парис дахь Түгээмэл урлаг, уламжлалын үндэсний музей нь музейн барилга доторх үндэсний арга барилын жишээ юм.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглана.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд нийт 200 блок угсармал орон сууцыг дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байгаа бөгөөд 2703 өрхийн 21 барилга ашиглалтад орсон. Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ШАЛГАЛАА

Хотын дарга Стандарт, норм, дүрмийг шинээр боловсруулах, шинэчлэх ажлын талаар болон барилга байгууламж, гадна талбайн тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа. Тэрбээр “Стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх ажлын талаар нутгийн захиргааны байгууллагуудаас санал авсан. 16 стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх шаардлагатай 28, барилгын зургаан норм, дүрмийг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн санал ирсэн. Саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Он гарснаас хойш 888 барилга, байгууламж, гадна талбайн тохижилтын ажилд комисс ажилласан. Үүнээс 739 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Үлдсэн ажлуудын хувьд гадна орчны тохижилт зураг төслөөсөө зөрүүтэй, явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг стандартын дагуу хийгээгүй  гэх мэт зөрчил илэрсэн” гэв.

Хотын дарга ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй хотхон ашиглалтад орох зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг онцолж байлаа. Иймээс Ажлын хэсэг гарч, энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд 2020 оноос хойш олгогдсон барилгын ажлын зөвшөөрлүүдийг холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх талаар нэгдсэн шалгалт зохион байгуулсан талаараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн  танилцуулав. Тэрбээр “Шалгалт хийгээд дууссан. Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн. Барилга хоорондын зай хэмжээ стандартын дагуу бус, хотын хүн амын нягтаршлыг тооцож барилгын зөвшөөрөл олгодоггүй гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн. Цаашид авах арга хэмжээний талаар Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болсон” гэлээ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл  байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.

Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

ГАЛ ТҮЙМЭР, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

Үүний дараа гамшиг осол болон гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Сүүлийн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 48, аврах ажиллагааны 13 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Гал түймрийн утаажилтын бүсээс  48 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 13 иргэнийг аварч ажилласан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1387, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 163, нийт 1555 дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар өссөн үзүүлэлт. Объектын гал түймрийн дуудлага хүйтэрч байгаатай холбоотойгоор нэмэгдсэн” хэмээлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Гудамж, замын хяналт шалгалтад 480 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалтаар 40 мянга, камерын хяналтаар 35 мянган зөрчлийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1200 зөрчлийг илрүүлснээс 15 жолооч осол гаргасан байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 4100 гаруй осол бүртгэгдсэнээс 104 хүн гэмтэснээс 86 нь явган зорчигч байсан” гэж мэдээллээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОО, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
  • Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР