Хотын дарга төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзаж, төслүүдийн явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг ерөнхий инженер Б.Анхбаяр танилцуулав.

Зургаан дэд төв байгуулах хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгахыг хүсэв

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөжээ. Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 2014-2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм. Одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулаад байна. Баянхошуу дэд төвийн хүрээнд 6.5 км зам, 6.7 км дулааны шугам, ариутгах татуургын 17 км шугам байгуулсан бөгөөд  нам даралтын 29 зуух буулгасан нь 17,020 тонн нүүрсний хэрэглээг хассан. Түүнчлэн дэд станц, усан сан, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын суваг, тохижилт, ногоон байгууламж, 70 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ. Харин Сэлбэ дэд төвийн хүрээнд гурван гүүр, 6.8 км авто зам, 17 км дулааны шугам, ариутгах татуургын 2 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын 2 км суваг, усан сан, дулааны станц зэргийг байгуулж, 35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбосон байна. Мөн 50 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ.

Төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулах бөгөөд ажил 46 хувьтай байгаа юм. Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороонд 70.7 га талбайг хамарсан төлөвлөлтийг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Дэнжийн 1000 дэд төвийн хүрээнд 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина. Төслийн хүрээнд мөн Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын орон сууц, аврах гал унтраах ангийн барилга барьж буй бөгөөд 650 хүний суудалтай спорт цогцолбор, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв зэргийг барих юм.

Харин гуравдугаар үе шат буюу Толгойт, Шархад дэд төвийн ажил 12 хувьтай байна. Толгойт дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34, 35 дугаар хороонд 153 га талбайг төлөвлөж, 5.7 км зам, 5.6 км дулааны шугам, 6.4 км усны шугам, ариутгах татуургын 7.2 км шугам, 5.8 км үерийн хамгаалалтын суваг татахаар төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн төв, сургууль, Бизнес инкубатор сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд 12 км цэвэр усны шугам татахаас 11 км-ийг нь хийгээд байгаа юм. Ингэснээр гэр хорооллын иргэдийн цэвэр усны хангамжийн найдвартай, хэвийн ажиллагааг хангана. Мөн УСУГ-ын 10 насос станцыг шинэчилснээр жилд эрчим хүчний 250 сая төгрөг хэмнэх болжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз эко хотхоны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг хийснээс гадна Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 1750 айлын барилгажих талбайн дулаанаас бусад инженерийн хангамжийн ажлыг хийсэн байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 10 сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг бие даасан дэвшилтэт технологиор шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд нийт 1352 нэгж талбарт 1757 өрхийн газрыг чөлөөлжээ. Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн аж.

Өдгөө өмчийг хариуцагч байгууллагад шилжүүлэх, хил хаагдсанаас болж бараа, материалын үнэ өсөж, өртөг нэмэгдэж, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай зэрэг асуудал тулгамдаж байгааг төслийн ерөнхий инженер Б.Анхбаяр хэлж байлаа. Мөн дулааны хоёр станц барих тул хугацааг 2025 оны арванхоёрдугаар сар болгож сунгах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Хотын дарга тулгамдаж байгаа асуудлуудаа албан бичгээр ирүүлж, ажил хаана гацаад байгааг тогтоож, асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг хэлж байлаа.

10,000 айлыг орон сууцжуулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжинэ

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дээрх дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулав.

Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулах юм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн газарт 260 айлын, Шархад дэд төвд 400 айлын орон сууц барих төлөвлөлтийг боловсруулжээ.

Хотын дарга одоо байгаа бодит нөхцөл байдлыг харж, бодитоор төлөвлөж, нийслэлд өр үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж, хариуцлагатай байж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцолж байлаа. Мөн дахин танилцуулахыг үүрэг болгов.

Хоёр байршилд зам засварлаж, дөрвөн байршилд шинээр байгуулна

Үүний дараа Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг зохицуулагч А.Мөнхжаргал танилцууллаа. Тус төсөл 2022-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээрт, Иж бүрэн гудамж, зам байгуулах ажлын хүрээнд зургаан байршилд гудамж замын ажлууд хийнэ. Ингэхдээ хоёр байршилд замыг өргөтгөн, шинэчлэн засварлах бол дөрвөн байршилд шинээр зам байгуулах юм. Мөн Тээврийн ухаалаг системийн хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, замын хөдөлгөөний гэрлэн дохионы системийн шинэчлэл хийнэ. Ухаалаг авто зогсоолын системийн хүрээнд авто зогсоолын судалгаа хийх, стратеги болон менежментийн төлөвлөгөө болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, Авто зогсоолын менежментийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, системийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, суурилуулалт хийх юм.

Хоёрдугаарт, Нийтийн тээврийн системийн хүрээнд Автобусны эгнээ болон нийтийн тээврийн зогсоол тохижилт, Эрэлтэд суурилсан нийтийн тээврийн төлөвлөлтийг хийх аж.

Гуравдугаарт, Зам, тээврийн стратегийн судалгааны хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой зам, тээврийн урт болон дунд хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах, Зам, тээврийн ослын мэдээллийн платформ нэвтрүүлэх юм. Мөн төслийн авто замуудын трассын сонголт, газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаад байгааг төслийн зохицуулагч А.Мөнхжаргал хэлж байв.

Төлөвлөлтийг таван жилээр хийж буй бөгөөд одоо байгаа 650 мянган машиныг таван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж төлөвлөжээ. Иргэдийн тоог ч мөн хоёр саяд хүрнэ гэж үзэж байгаа аж. Хотын дарга хүн амын тоо 3 саяд хүрэхэд түгжрэлгүй байхаар төлөвлөлтийг хийх хэрэгтэйг хэлж байлаа.

Автобусны 18 зогсоол байгуулна

Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд танилцуулав. Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Энэ хүрээнд нийт автобусны 18 зогсоол байгуулахаас хоёр нь битүү байх гэнэ. Чингэлтэйн эцэст дөрвөн автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулах юм. Мөн найман нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга стандартаа барьж, нэг загвараар барих шаардлагатайг сануулав.

Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлыг найман барилгад хийв

Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийг зохицуулагч Н.Баяртогтох танилцуулав. Төсөл 2020-2023 оны хооронд хэрэгжинэ. Төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангах, хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилготой. Энэ хүрээнд гэр хорооллын нарийн тоосонцрыг бууруулах зорилгоор таван халаалтын зуухыг буулган, төвлөрсөн дулаанд холбосон байна. Мөн агаар, орчны чанарын хяналтын гурван иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж, улсын өмчит сургууль, цэцэрлэгийг дулаалжээ. Түүнчлэн газрын гүний дулааны систем туршилтын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгт төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байжээ. Гэхдээ дулаан алдагдлыг бууруулсан ч тоолууржуулалтын системгүй, эзлэхүүнээр хэмждэг учраас төсөвт учирдаг хүндрэлүүд хэвээр байгаа тул тоолууржуулах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн газрын гүний дулааны системийн талаар стандарт байдаггүй учраас стандарт батлахад анхаарч байгаа аж.

Цаашид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр байршилд хийнэ. Мөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлыг найман барилгад хийжээ. Энэ ажлыг 2017 онд анх санаачилж, гэр хорооллын айлуудын байрыг дулаалж эхэлсэн нь үр дүнтэй байж, галлагааны давтамж 50 хувиар буурсан үр дүн гарч байсан аж. Улаанбаатар хотын хэмжээнд угсармал 1000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.

Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг

Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил 98 хувьтай хэрэгжиж байна. Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд 50 өрх, таван байгууллагад туршилт, судалгаа хийж, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм.

Улаанбаатар хотын иргэд  жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”-ээс 30 орчим хувь нь буюу 420 мянган тонн нь хүнсний хог хаягдал байдаг байна. Төсөл хэрэгжсэнээр туршилтын үр дүнд тулгуурлан хүнсний хог хаягдлыг боловсруулдаг болох эсэхийг тодорхойлох юм.

Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Энэ нь илүү байгаль орчинд сөрөг нөлөөтэй бөгөөд үүнийг дахин боловсруулах үйлдвэр нэн зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгааг Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн зохицуулагч Д.Нямдорж хэлж байв.

Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм.

Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулна. Энэ нь ашиглалтад орсноор хуучин хогийн цэгийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийх бөгөөд шинэ байгууламжид Улаанбаатар хотоос ялгарч буй хог хаягдлыг хүлээн авна. Мөн барилга болон барилга буулгалтын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хэмжээтэй хайрга үйлдвэрлэнэ. Тус үйлдвэр энэ жил ашиглалтад орох юм. Мөн төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 машин механизмыг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Хогийн цэгт хог түүдэг иргэдэд ажлын байр бий болгох, сургалтад хамруулах зэрэг ажлууд хийнэ гэдгийг Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн зохицуулагч Б.Чандман ярив.

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцсаны дараагаар Хотын дарга “Төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Хот ямар нэгэн байдлаар алданги хүлээх ёсгүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл иргэдийн дунд их хүлээлттэй байдаг. Гүйцэтгэлээр нь хяналт тавь. Хугацаатай төлөвлөгөө гаргаж, сар бүр ажлаа танилцуул” хэмээсэн юм. Мөн уялдаа холбоотой, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ 2023 ОНЫ АНХНЫ БОЛОВСРОЛЫН АЖЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улаанбаатар хотын музейгээс Нийслэлийн хүүхэд залуучуудын тусгай цогцолбортой хамтран тус цогцолборын 6-13 насны хүүхдүүдэд 2023 оны 1-р сарын 11-13-ны өдөр музей үзүүлж, “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал”, “Нийслэл хүрээ” сэдэвт боловсролын ажил явуулж, “Нийслэл хүрээ” хөлөгт тоглоом тоглов. Энэхүү боловсролын хөтөлбөрөөр дамжуулж тус цогцолборын 33 хүүхдэд Улаанбаатар хот дахь 207 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг “Их хүрээ (1706-1911)”, “Нийслэл хүрээ (1912-1924)”, “Социалист Улаанбаатар” (1924-1990) гэсэн хотын түүхийн гурван үе шатанд ангилан авч үзэж, энэхүү үеүүдэд хамаарах онцлох дурсгалуудыг танилцуулж, тоглоомын аргаар Нийслэл хүрээний түүхийг таниулах хичээлийг явууллаа.

Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байв. Тухайлбал, Сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага оролцлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

“Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн  үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэдгийг танилцууллаа. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.

Шинэ автобус ирсэнтэй холбоотойгоор шинэ, богино эргэлтүүдийг төлөвлөжээ

Шинээр орж ирсэн автобуснуудын үйлчилгээний маршрутын төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Одоогийн байдлаар 117 автобус ирсэн. Өнөөдөр эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргана. Шинэ автобустай холбоотойгоор төлөвлөлтөд өөрчлөлт орсон. 53 км-ээс хол явж байсан гурван урт шугамыг богиносгож, 10 чиглэлд шинэ, мөн 10 чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг хийсэн” хэмээн мэдээлэл өглөө.

Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байгаа. Тээврийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.

Цахим залилан нэмэгджээ

Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “15,213 дуудлага, мэдээлэл ирсэн нь 10.2 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2604 ирсэн нь 0.5 хувиар өссөн гэсэн үг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдсэн. Иймээс холбогдох байгууллагатай хамтарч, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг таван хувиар, мөн хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар багасаж, цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн. Харин зөрчил 33 хувиар буурсан ч олон нийтийн газар зүй бусаар авирласан, хүний биед халдсан зөрчил олон гарч байна. Түүнчлэн 975 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм” хэмээв. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 13 иргэнийг олж тогтоожээ.

282 иргэн, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Өнгөрсөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны 12, нийт 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 202 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 60 иргэнийг аварч, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 161, аврах ажиллагааны 27, малын гоц халдварт өвчний нэг, нийт 189 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт. Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гарсан бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Мөн өнөөдрийн байдлаар 18 байршилд халиа тошин үүссэн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэллээ.

Зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавихыг үүрэг болгов

Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,

  • Нийслэл хотод зөвшөөрөлгүй барьсан барилгын жагсаалт болон голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилга, байгууламжийн жагсаалт, олгосон газар зэргийг цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах.
  • Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж ажиллах.
  • Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.
  • Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.
  • Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах.
  • 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.

Шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавигдах шаардлагыг хангасан 10 бүтээлийг шалгаруулах юм. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болно. Тус хоёрдугаар шатны шалгаруулалтаар эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.

Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 17:00 цаг хүртэл НЗДТГ-ын байранд, эсхүл zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар хүлээн авна.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
  • Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
  • Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
  • Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.

Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын шинэ оны мэндчилгээ

 

 

Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!

Туурга тусгаар Монгол эх орныхоо төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, амжилт ололтын өрнүүн түүхийг бичилцэж буй эрхэм хүндэт нийслэлийн иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Урсан өнгөрч буй цаг хугацааны үнэ цэн, үр дүнг хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа онооны өрнүүн түүхээс ирэх он жилүүдийнхээ зорилт, зорилгыг хэлэлцэн тодорхойлдог он солигдох энэ цаг хугацаа Та бидний хувьд баяр талархлын торгон мөч юм.

Улаанбаатар хотын удирдлагын баг 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлаж, Хотын стандартыг баталж, хотын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хамгаалах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Онлайн бизнес төвийг байгуулж, 83 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэрэг, тээврийн хэрэгслийн зардлыг хэмнэсэн үр дүнтэйгээр 2022 оныг үдэж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт, 212.4 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 196 мянган мод тарилаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 17.7 км хашаа, хайс, 168 байршил дахь 4,248 гарааш, 346 самбарыг буулгаж, нийтийн эдэлбэр газрын зам, талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлэв. Энэ бол Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, чөлөөтэй зорчих эрхийг хүндэтгэсэн санал санаачилга байсан бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын хувиар залуусын сурч боловсрох эрх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс 118 байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2022 онд 34 байршилд бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Улаанбаатар хот урт хугацааны бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжих учиртай тул энэ л зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ, Та бид өдгөө “КОВИД-19”-ийн тархалтаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, геополитикийн зөрчил тэмцэлтэй дэлхийн улс орнуудын хооронд үүссэн улс төрийн амаргүй цаг хугацааг туулж байна. Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Мөн нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1,000 гаруй инженертэй хамтран ажиллаж байгааг дуулгая. Соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хотыг бий болгох бидний зорилтыг нягтлан хэмжиж, анхааран ажиглаж, хянан зөвлөж, хамтран ажиллахыг дахин хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулан, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, улаанбаатарчууд Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүр хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан, ажил бүтээлээрээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж буй 30 эрхмийг нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа нар гардуулсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүлж “Байгууллага, хамт олныхоо түүчээ болж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгаран, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд иргэд болон албан хаагчдын өмнөөс халуун талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье. Улаанбаатар хот бол их айл. Энэ их айлыг хөгжүүлэхэд нийслэлийн мянга, мянган ажилтны хувь нэмэр их. Ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, илүү их амжилтаар бялхаж байх болтугай” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа “Хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, оюун ухаан, хөлс хүчээ дайчлан ажилласан нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ирэх он жилүүдэд ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон гэрэл зургийн www.mpa.mn  вэбсайтын үүсгэн байгуулагч, фото сэтгүүлч Б.Бямба-Очир “Би гэрэл зургийн салбарт 10 гаруй жил ажиллаж, 2013 оноос www.mpa.mn сайтыг үүсгэн байгуулсан. Нийслэлийн хөдөлмөрийн аварга хэмээх нэр хүндтэй, том шагналыг хүртэж буйдаа, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбараас тодорч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Энхболд “Би Хот тохижилтын газарт 2014 онд ажилд орж, өдгөө ес дэх жилдээ ажиллаж байна. Иргэд маань хог хаях нь багасаж, жил ирэх тусам соёлтой болж байгаад талархдаг. Хамт олондоо, намайг дэмждэг ах эгч, найз нартаа баярлалаа, бас шинэ жилийн мэнд хүргэе” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр “Би давс, бодис цацах тусгай зориулалтын камаз машин барьдаг. Шагнал авсандаа сэтгэл маш өндөр байна. Хамт олондоо баярлалаа” хэмээв.

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч Н.Гантулга “2022 оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарсандаа тун баяртай байна. Энэ бол нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 2000 гаруй алба хаагчийн шагнал. ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн нийт удирдлага, алба хаагчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Энэ жил би ойролцоогоор 50 хүний амь нас авран хамгаалсан” гэлээ.

Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд

  1. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн Гал сөнөөгч Н.Гантулга
  2. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Бат-Эрдэнэ
  3. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н. Долгормаа
  4. Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл
  5. “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн техникч О.Энхтүвшин
  6. “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7-ын Сантехникийн засварчин Б.Цоодол
  7. “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолооч Б.Эрдэнэсүх
  8. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн гуравдугаар хэсгийн жолооч Ч.Дамдиндорж
  9. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Б.Энхболд
  10. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр
  11. Ус сувгийн удирдах газрын ажилтан, Монгол Улсын гавъяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар
  12. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг
  13. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч Г.Отгонбаяр
  14. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мишигдорж
  15. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн орон тооны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа
  16. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Ц.Алтангэрэл
  17. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгч Б.Буяндэлгэр
  18. “Ус сувгийн удирдах газар”-ын нийтлэг үйлчилгээний албаны Механик засварын цехийн техникч Э.Баатархүү
  19. “Номин холдинг” ХХК-ийн нэгдсэн агуулахын ахлах менежер Б.Туяа
  20. “Технож бизнес инкубатор төв”-ийн захирал Г.Галаарийдий
  21. “Сноу филдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ган-Өлзий
  22. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа
  23. Нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай
  24. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн Ахлах ахлагч Б.Оюунболд
  25. Фото мэдээллийн MPA.mn сайтын үүсгэн байгуулагч, гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир
  26. “Улаанбаатар театр” ОНӨҮГ-ын Ерөнхий найруулагч П.Урнаа
  27. Нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлагч Б.Дэмбэрэл
  28. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Шижирбаяр
  29. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Чинзориг
  30. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасгийн их эмч Т.Мөнх-Эрдэнэ

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР