“Утаагүй тамхи мода биш” сэдэвт лекц зохион байгуулав

Улаанбаатар хотын музей, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран “Электрон тамхигүй-Эрүүл ирээдүй” аяны хүрээнд   “Утаагүй тамхи мода биш” сэдэвт лекцийг Нийслэлийн ЕБС-ийн 21, 84-р сургуулийн 8-12 дугаар ангийн 300 сурагчдад зориулан зохион байгуулж, электрон тамхины хор уршгийн талаар таниулав.

 

Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, цаашид боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Та БНХАУ-ын Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдол юу байв?

-2022 оны тавдугаар сард бид Чунчин хотын удирдлагатай цахимаар уулзаж, Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн уулзалт цар тахлын дараа, бас биечлэн болж байгаад хоёр тал нэлээд ач холбогдол өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар олон зүйлийг хэлэлцэж тохирлоо. Чунчин хот БНХАУ-ын баруун бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл, санхүүгийн том тулгуур төвүүдийн нэг болж хөгжиж байна. Тиймээс боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж маш их.

-Тухайлбал, ямар байдлаар хамтран ажиллах боломж байна вэ?

-Нэгдүгээрт, эдийн засаг, худалдааны салбарт хамтрах бүрэн боломжтой. Улаанбаатарын зүгээс эрүүл, шимтэй мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нөгөө талаас чанартай, хямд ногоо, жимсээ эндээс авах бололцоо бий. Мэдээж эдийн засаг, худалдааны эргэлт нэмэгдэхтэй зэрэгцээд тээвэр, тэр дундаа агаараар ачаа тээвэрлэх гарцын талаар хэлэлцэх болно.

Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд технологийн шийдлүүдийг нь нэвтрүүлж болж байна. Хотод тулгамдаж байгаа асуудлын оновчтой шийдлийг хотынхоо аль нэг дүүрэгт турших байдлаар нэвтрүүлээд явах зэргээр хамтран ажиллана. Үүнийг дагаад нийгмийн салбар, тухайлбал боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж гарч ирж таарна. Чунчинд инженер, харилцаа холбооны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их сургуулиуд бий. Мөн Шанхай, Чанчунь хоттой зэрэгцдэг хүнд машин механизм үйлдвэрлэгч хот. Тиймээс технологи, үйлдвэрлэл, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнууд сургах, мэргэжил дээшлүүлэх боломжтой гэж харлаа.

-Улаанбаатар Чунчинтай Ах дүү хотын харилцаатай. Энэ чиглэлд ямар ажлууд хийх, яаж хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах дүү хотын харилцаа  тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Ах дүү хотын харилцааны хүрээнд бид соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн. Тэр тусмаа 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран сонирхолтой маршрутуудыг санал болговол үр дүнтэй, оновчтой байна гэж харлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай тэрбээр өнөөдөр танилцсан юм.

XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, томоороо Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч далайн гол гарц болдог. Хотын дарга Д.Сумъяабазарыг Тяньжин боомтын удирдлага угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшил, онцлогийнхоо талаар танилцууллаа.

Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь:

-Тяньжиний боомтын хувьд технологийн дэвшил, автомат системийг нутагшуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл юм хэмээв.

Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр мөн онцолсон. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар Чү Бинь дурдаж байлаа.

Д.Сумъяабазар: Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна вэ, үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг асар чухал. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.

Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төслийн талаар мөн бидэнд танилцууллаа. Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм байна.

Түүнээс гадна Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацыг судлах, туршлага солилцох, улмаар нутагшуулах талаар судална гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скайрезорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг 2023 оны 02 сарын 11-12-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгууллаа.
Монгол улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.
Наадмын үеэр:
– Мөсөн сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
– Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
– Снөүбоардын тэмцээн
– Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
– Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдсан юм.
Үзүүлбэр, үйлчилгээ:
– Шүхрийн үзүүлбэр
– Шувуучлахуйн үзүүлбэр
– Снөүбоардын үзүүлэх тоглолт
– Нохой чарганы үйлчилгээ
– Хоол ундны үйлчилгээ
– Цана, чарганы үйлчилгээ үзүүллээ.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 800 гаруй баг, тамирчид оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг Монгол туургатан улсуудын 30 тамирчин оролцлоо.
Хамтрагч байгууллага:
Монголын Мөсөн сурын холбооны албан ёсны Page хуудас
Монголын Үндэсний Мөсний Шагайн
Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг
Mongolian Rugby Football Union
Mongolian Professional Snowboard Federation
Saraana Nature Conservation Foundation
Mongolian Falconry Association”Монголын Шувуулахуйн Холбоо”
Монгол Морь, Нохой Чарга
Ивээн тэтгэгч:
Sky Resort
Unitel
Coca-Cola Mongolia
Evseg Cashmere
Улаанбаатар театр
Улаанбаатар Хотын Музей
Tavan Bogd Finance NBF