Дэлхийн музейн өдөр, Монгол улсад орчин цагийн музейн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын музейн өдөрт зориулан Улаанбаатар хотын музейгээс 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр:
– Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал – боловсрол танин мэдэхүйн ажил зохион байгуулах,
– Улаанбаатар хотын түүхтэй холбоотой нийтлэлүүдийн эмхэтгэлийн танилцуулга,
– Социалист улаанбаатар- хөлөгт тоглоомын танилцуулга зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Монгол, Катарын хамтарсан “Нүүдэл”үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Катар Улсын Гадаад хэргийн яам ивээн тэтгэж Монголын үзэгчдэд толилуулж буйгаараа онцлогтой. Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног үзэсгэлэнд дэлгэн, газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын аж амьдрал, ахуй соёлыг энэхүү цогц үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Катарын Үндэсний музейн захирал, Эрхэмсэг ноён Шейх Абдулазиз Аль Тани, Талал Радан Аль Шаммари, Катарын Үндэсний музейн Кураторын газрын дэд захирал, Таниа Ал Мажид, Катарын Үндэсний музейн захиргаа, музейн хөгжлийн бодлогын ахлах шинжээч Доктор Александар Боуниа, Катарын Үндэсний музейн Сан хөмрөгийн хэлтсийн дарга Сунг Хёун Им, Нийгэм болон аман түүх судлаач Нажма-Ахмед нар оролцлоо. Үзэсгэлэнг Монгол улсын талаас Соёлын дэд Сайд П.Баттөр, Катарын Үндэсний музейн Захирал Эрхэмсэг Шейх Абдулазиз Аль Тани нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд урилгаар “Улаанбаатар хотын музей”-н захирал П.Даваасүрэн оролцлоо. “Нүүдэл” тусгай үзэсгэлэн 05 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 11 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллах юм байна.

 

“Улаанбаатар хотын түүх, соёл: асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн хүмүүнлэгийн ухааны сургууль хамтарсан “Улаанбаатар  хотын түүх, соёл: асуудал, шийдэл” нэртэй эрдэм шинжилгээний хурал Новотель зочид буудалд зохион байгуулагдлаа. Тус хурал нь “Улаанбаатар хотын түүх”, “Улаанбаатар хотын соёл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Дээрх хоёр сэдвийн хүрээнд нийт 18 судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Тэртээ 1639 онд Халх Монголын ноёд чуулан Түшээт хан Гомбодоржийн Ишдорж хэмээх хүүд Занабазар гэх сахилын нэр хайрлан Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн өдгөөгийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуур гэх газарт орд өргөө босгож “Шар бүсийн орд” хэмээх болсноор Улаанбаатар хотын түүх эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Түүхэн цаг хугацааны явцад Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байгаад 1924 онд бидний мэдэх Улаанбаатар нэртэйгээр Монгол Улсын нийслэл болжээ” гэж тодотгосон юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр болсон хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцож, хотын соёлын салшгүй нэг хэсэг болсон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын музейн барилга, музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт хийгээд өнөөгийн орчин нөхцөл байдал, цаашдын зорилт, арга хэмжээний талаар асуудал дэвшүүлсэн үг хэлж саналаа илэрхийллээ.