Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэв

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойгоор нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мэнд дэвшүүлэхдээ: “Нийслэлчүүддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 385 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 21 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшсан. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд хотжих үйл явц маш хурдацтай явагдаж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатар хот юм. Улаанбаатар хотын хүн ам 1919 онд 100 мянга орчим байсан бол өнөөдөр албан ёсоор 1.8 сая гаруй, ирж буй зочид, гийчид, хүмүүсийг оруулбал 2 сая орчим хүн амтай мега хот болжээ. Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг, хандлага, бодлогын зорилтуудыг мега хотын стандартад нийцүүлж шинэчлэх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн нийслэлийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээс илүүтэй нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны зорилт, бодлогыг шийдвэрлэж өнгөрүүлнэ. Их хотынхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэе гэдгийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ. Уг ёслолд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцлоо.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас өнөөдөр “Улаанбаатар хот-100” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн хурлын зааланд зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтдэд хандан талархал илэрхийлэн 1924 онд Монгол Улсын анхдугаар үндсэн хууль баталж, “Нийслэл хүрээ” нэрийг “Улаанбаатар” болгон нэрийдсэний 100 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.

Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Улаанбаатар хотын музей, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Улаанбаатар хотын музейн эрдэмтэн, судлаачид оролцож, хотын өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захиргааг байгуулсан түүхэн үйл явц, хотын анхны хороод, хотын жинхэнэ харьяат иргэд, 1921-1930-аад оны нийслэл хотын нийгэм, эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн талаар шинэ санал дүгнэлт дэвшүүлсэн олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Уг эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Нийслэл хотын бүтээн байгуулалт” (1921-1928 он) сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Нийслэлийн архивын газар, Улаанбаатар хотын музейд хадгалагдаж буй Улаанбаатар хотын түүхэнд холбогдох архивын баримт, биет үзмэрүүдийг дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнг нээж Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэлж, МҮМ-н захирал Г.Энхбат, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул, НСУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жанцансамбуу, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, АЕГ-ын Эрдэм шинжилгээний ажилтан Г.Дашням зэрэг албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр Улаанбаатар театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр үзэгчдэд хотын түүхийн талаар тайлбараар үйлчиллээ.
Улаанбаатар хотын музейгээс нийслэл хотын түүхэнд холбогдох түүхэн ховор 20 үзмэр тавигдлаа.
Нэр дурдвал: Хотын захиргааны анхны бичгийн машин, Хотын намын хороо байгуулах тухай бичиг, Улаанбаатар хотын захиргааны дагаж явах дүрэм, Хотын намын хорооны анхны тамганы дардас, Улаанбаатар хотын захиргааны тамга, “Мэлхий хөшөө” загвар, Хотын намын хороо байгуулагдсан нь – уран зураг гэх мэт..
Үзэсгэлэн 10 дугаар сарын 30 хүртэл ажиллана.
Үзэгч та бүхэн Үндэсний музейд зочлон ирж их хотынхоо түүхтэй танилцана уу.

Улаанбаатар хотын музейн албан хаагчид нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын музейн албан хаагчид нийтийн их цэвэрлэгээнд нэгдэж байгууллага ойр орчмын хог хаягдал, сул навчсыг цэвэрлэн, шуудайлж хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг хийлээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Тэгвэл өнөөдөр уг цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг товлосон хугацаандаа ашиглалтад орууллаа. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Ийнхүү тус 2 блок бүхий 300 МВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой.

Цахилгаан станцыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бид уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад энэ жилийн байдлаар 11.3 хувиар өсжээ. Цаашид ч эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх нь дамжиггүй. Уг цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах санаачилга гарган ажиллаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ” хэмээн хэллээ.

2024-2028 онд Улаанбаатар хотод метроны I, II шугам, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зургаан дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтыг барихад нэн түрүүнд эрчим хүчний найдвартай байдлыг хангах нь чухал байгаа юм. Тиймээс ч Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа билээ. Энэ бүхний үр дүнд дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд эрчим хүчээр бүрэн хангагдах боломжтой болох аж.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна.

 Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотод урлаг уран сайхан, соёлын үйлчилгээ нэвтэрсэн тухай хүргэж байна. #15 ГЕЛЕТАГИЙН БӨМБӨГӨР НОГООН (1927) Барилгын баруун жигүүрт албан ажлын өрөөнүүдтэй, зүүн жигүүрт нь гуанз, ард талд нь хувцас хадгалах өрөө, эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн нүүр будах, хувцас солих тусдаа өрөөнүүдтэй байв. Оросын алдарт зураач, монголч эрдэмтэн Н.К.Рерих 1926-1927 онд Улаанбаатар хотод байхдаа шинээр байгуулагдаж байгаа Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 6х12 метр хөшигний зургийг зурсан ажээ. Энэ ордон нь Засгийн газрын хурлын танхим болон театрын үүрэг гүйцэтгэж байв. Харамсалтай нь тус театр 1949 оны нэгдүгээр сард шатжээ.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.