“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь 31 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.
Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочид, олон орны элчин сайд, зохиолч, орчуулагчид хүрэлцэн ирж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь “Үндэсний бичиг соёлын өдөр”, Номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг нотолж байна” хэмээн онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ном бол хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Монгол туургатан мянга мянгаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж, есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун уламжлалтай ард түмэн” хэмээлээ.
Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Тэд энэ жилийн Номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцолж байв.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжилсэн юм.
Улаанбаатар хотын музейн удирдлага болон ажилтнууд тус өдөрлөгт амжилттай оролцлоо.