Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж дууслаа.
Ийнхүү гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл өнөөдөр гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчид шагналаа гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад гардуулан өгөв.
Уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.
Гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналт сурагч Д.Болормаа:
-Аав, ээж, багш маань биднийг хайрлаж, байнга шинэ зүйлс зааж өгдөг шүү дээ. Тиймээс ээж, аавууд маань биднийг энэ тэнцүү хайрлаж, амьдралд тэгш оролцоотой хандаж, өөр өөрсдийн үүргээ биелүүлдэг гэдгийг зургаараа илэрхийлэхийг зорьсон. Тэмцээний талаар багшаасаа сонсоод оролцохоор шийдэж, зургаа хоёр өдрийн турш зурсан. Шагналт байранд шалгарснаа мэдээд маш их догдолж, өөрөөрөө бахархаад, хэлэх үг олдохгүй байсан.
Гар зургийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Э.Номинжин:
-Тэмцээний талаар багшаасаа мэдсэн. Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш оролцоотой гэж би боддог. Эмэгтэй цагдаа, сансрын нисгэгч, баатар, эрэгтэй цэцэрлэгийн багш, эмч гээд бүгд адилхан учраас тэр санаагаа зурагтаа тусгахыг хичээсэн. Тэмцээнд ороод шагнал авсандаа баяртай байна.
Эсээ бичлэгийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Г.Хаш-Эрдэнэ:
-Жендэр гэх ойлголт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор гарч ирсэн гэж боддог. 1950 он хүртэл жендэрийн ойлголтыг хүмүүс тэр бүр чухалчилж авч үздэггүй байсан. Тэрнээс хойш “Эмэгтэйчүүдээ хамгаалъя” л гэдэг болсон. Жендэр гэхээрээ л эмэгтэй хүмүүсийг илүү их анхаараад, эрэгтэй хүмүүсийг тоохоо больчихсон. Тиймээс “Эрэгтэй хүмүүст ч гэсэн анхаарал хандуулъя” гэдэг санааг эсээндээ гаргаж өгсөн. Бага ангид байхад ангийн охид хөвгүүдийг зодож, дээрэлхэх тохиолдолд хэн ч тоодоггүй байсан. Харин хөвгүүд нь эргүүлээд охидыг өдөхөөр загнуулдаг. Манай нийгмийн ажилтан энэ талаар сургалт орж, хэн нь ч хэнийгээ дээрэлхэж болохгүй, нэгнийгээ хүндлэх хэрэгтэй гэж зааснаар охид ч биднийг дээрэлхэх нь багассан. Хааяа дүрсгүйтээд нэг нэгнийгээ өддөг ч гэсэн тоглоом, шоглоомоо ялгадаг болсон гэх юм уу даа. Эсээгээ бичээд, шагнал авч байгаадаа баяртай байна.
Эсээ бичлэгийн уралдааны хоёрдугаар байрын шагналт сурагч П.Энгүүн:
-Тэмцээний талаар аравдугаар сарын 10-нд мэдсэн. Гэтэл яг маргааш нь материалаа хураалгах сүүлийн өдөр байсан болохоор маш их сандарч, яарч бичсэн. Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг илтгэдэг гэж ойлгодог. Тиймээс нэг нэгнийгээ хүйсээр ялгаварлан, дээрэлхэхгүй байх хэрэгтэй гэсэн санааг эсээндээ бичсэн. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэн хэнийгээ хүндэлж харьцах хэрэгтэй гэж боддог. Би өмнө нь даамны тэмцээнд л орж байсан бол өнөөдөр анх удаа эсээ бичлэгийн уралдаанаас шагнал авлаа. Маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байна.
“Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааны шагналын эзэд
Гар зургийн уралдааны шилдгүүд:
- Нэгдүгээр байранд 18 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Болормаа
- Хоёрдугаар байранд 75 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Дөлгөөн
- Гуравдугаар байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Номинжин
Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд:
- Нэгдүгээр байранд 51 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Нандин-Учрал
- Хоёрдугаар байранд 57 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч П.Энгүүн
- Гуравдугаар байранд “Шинэ Монгол” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Г.Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР