МУЗЕЙН ТӨРЛҮҮД
(Нийтлэл №1)
Музейг төрөл бүрийн гарал үүсэл, үзэл баримтлал, нийгэмд гүйцэтгэх үүрэг нь өөр өөр байдгийг харгалзан тогтсон ангилалд оруулдаггүй. Зарим музей нь хүүхэд, дунд сургууль, их сургууль олон нийт, гэх мэт тусгай үзэгчдэд зориулсан байдаг. Зарим нь тодорхой газарзүйн бүс тухайлбал хот, бүс нутагт тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Бусад музей, ялангуяа үндсэрхэг үзэл, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлалтай музей нь ер бусын хэтийн төлөвийг санал болгодог бөгөөд үүний үр дүнд урлаг, түүх, шинжлэх ухааны цуглуулгуудыг өөр өөрийн хувилбараар тайлбарладаг.
Заримдаа музейг санхүүжүүлсэн эх үүсвэрээр нь улсын, хотын, хувийн гэх мэтээр ангилдаг. Санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилах нь музейн цуглуулгын жинхэнэ мөн чанарыг харуулж чадахгүй байх талтай. Жишээлбэл засгийн газраас санхүүжүүлдэг байгууллагууд буюу үндэсний музейнүүд нь Британийн музей, Эрмитаж, Лувр зэрэг олон улсын шилдэг цуглуулгуудыг эзэмшиж болно, Европ тив дэх эртний олон тооны үндэсний музейн төрөлжсөн цуглуулгатай байж болно, эсвэл Вашингтон ДС дахь Смитсоны хүрээлэнгийн Анакостиа хөршийн музейн нэгэн адил эдгээр нь үндсэндээ орон нутгийн шинж чанартай байж болно.
Луврийн музей (Франц)
Музейн цуглуулгын шинж чанарт үндэслэн дүн шинжилгээ хийх нь цар хүрээ, чанарын ялгааг харуулж чадахгүй ч ерөнхий болон төрөлжсөн музейг ялгах ач холбогдолтой юм. Нэмж дурдахад, цуглуулгыг онцлон тэмдэглэснээр энэ арга нь музейн үндэс суурь дээр төвлөрдөг. Энэхүү нийтлэлд музейг ерөнхий, байгалийн түүх ба байгалийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан, технологи, түүх, урлаг гэсэн үндсэн таван төрөлд ангилан үзүүлэх юм. Сүүлийн үеийн музей болох виртуал музей нь өвөрмөц цахим үзүүлэнгээрээ бусад бүх төрлөөс онцлог бөгөөд энэ тухай бас яригдах юм.
Ерөнхий музей
Ерөнхий музей нь нэгээс олон сэдвээр цуглуулгатай байдаг тул заримдаа олон салбар эсвэл салбар дундын музей гэж нэрлэдэг. Энэ төрлийн музейн ихэнх нь XVII, XIX, XX зууны эхэн үед байгуулагдсан. Зарим ерөнхий музей дээр худалдаагаар дамжсан соёлын харилцааны нөлөө харагддаг. Музейнүүдэд ихэвчлэн хэд хэдэн чухал төрөлжсөн цуглуулгууд байдаг бөгөөд тэдгээрийг нэгээс олон төрөлд ангилах боломжтой юм. Зарим үндэсний музейнүүд үндсэн байрандаа ерөнхий цуглуулгаа үзүүлдэг боловч хожим нэмэлт зай олох хэрэгцээ нь цуглуулгуудыг хувааж, төрөлжсөн музейг шинээр үүсгэхэд хүрдэг.
Кинсэйл орон нутгийн музей (Ирланд)
Ерөнхий музейн дунд хамгийн түгээмэл нь тухайн бүс нутаг эсвэл орон нутгийн /орон нутгийг судлах музей/ музей юм. Тэдний ихэнх нь нутгийн бахархал, тухайн нутгийн түүхийг сурталчлах хүсэл эрмэлзэлд үндэслэсэн байдаг. Энэ төрлийн музей нь зүүн болон баруун Европт өргөн тархсан бөгөөд Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Хойд ба Өмнөд Америкт бас байдаг. Тэдний гол үүрэг бол тухайн нутгийн байгаль, хүмүүсийн түүх, уламжлал, бүтээлч сэтгэлгээг тусгах явдал юм. Ихэнх тохиолдолд ийм байдлаар үйлчилдэг хүмүүс нь соёлын хувьд нийтлэг байдаг. Зарим үед музей нь янз бүрийн ард түмний харилцан ойлголцлыг бий болгохын тулд тусгай хөтөлбөр боловсруулж болно. Англи улсын Брэдфорд, Лестер зэрэг цагаачид ихтэй хотуудад бүс нутгийн музей ийм ажилд идэвхтэй оролцдог. Заримдаа үндэсний музей эсвэл бусад агентлагаас бэлтгэсэн тусгай үзэсгэлэнгүүд нь бүс нутгийн музейд олон нийтэд үндэсний эсвэл олон улсын өвийн илүү олон үзмэрүүдтэй танилцах боломжийг олгодог.