“Нийслэл-110” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ЭРТЭЧ ЗАЛУУСЫН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Энэ удаагийн өглөөний уулзалтын хүндэт зочноор Азийн Сангийн Монгол улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг уригдан ирж ”ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ БА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГУУД” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр уг илтгэлдээ асуудалтай хэрхэн нүүр тулах, шийдэлд хэрхэн хүрэх, энтрепренёр сэтгэлгээний үндсэн зарчмууд болон асуудал шийдвэрлэх 5 чухал алхмын тухай арга туршлагаа хуваалцаж хөтөлбөрийн ментий нарын эхний даалгавар болох бичил төсөлд хувь нэмэр болох үнэт зөвлөгөөг өглөө. Марк Кэйниг нь 2008 оноос Азийн сангийн салбар орнууд болох Непал, Тайланд, Камбож зэрэг улсуудад төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас Азийн сангийн Монгол улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа улс төр судлаач, олон улсын хууль ба гадаад харилцааны магистр зэрэгтэй хүн юм. Мөн өглөөний уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар зочлон ирж хөтөлбөрт оролцохоор сонгогдсон ментий нарт баяр хүргэж, өөрчлөлтөд ямагт бэлэн байж, аливаа асуудал, сорилтыг зөв хандлагаар хүлээн авч, даван туулахыг, өөрсдийгөө ямагт хөгжүүлж, Нийслэл хотын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллахыг уриалан амжилт хүслээ.