“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн тухай хүргэж байна.
#11 ТӨВ ТӨРӨХ (1928)
1928 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны гишүүдийн хурлын 59 дүгээр тогтоолоор Төв эмнэлгийн дэргэд 6 ортой, 3 сувилагчийн орон тоотой Эх нялхсыг хамгаалах тасаг байгуулагдав. Тус амаржих газар нь 1947 оноос МУИС-ийн Анагаах ухааны факультетын эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн бааз эмнэлэг, 1949 онд бие даасан газар болж, 1951 онд Төв төрөх нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. 1967 онд Засгийн газрын тогтоолоор Клиникийн I амаржих газар болгон өргөтгөжээ. Тус эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш нийт 250 мянга орчим, жилдээ дунджаар 4.5-5 мянган эх нярайг эсэн мэнд амаржуулж байна.
Гэрэл зургийн тайлбар: 1-р төрөх газрын анхны барилга 1928 он.
Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.