Улс, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагналаа

Нийслэлийн 383 жилийн ой аравдугаар сарын 29-нд тохиож буй. Энэ хүрээнд өнөөдөр улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, амжилттай, үр бүтээлтэй ажилласан нийгмийн салбарын ажилтнууд болон нийслэлийн алба хаагчдыг шагналаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан байлцав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Хотын дарга болон нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шагнал, урамшуулал гэдэг залуу хүмүүст урам зориг болж, ахмад наснуудад өнгөрсөн хугацааных нь хөдөлмөрийг үнэлсэн талархал, хүндэтгэл байдаг. Нийгмийн салбар бол ажлын үр дүн шууд гардаггүй, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг онцлогтой. Энэ салбарт хувь нэмрээ оруулж, төрийн ажлыг анхан шатнаас нь хэрэгжүүлж, иргэдэд хүргэдэг та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Тус үйл ажиллагааны үеэр улсад олон жил ажиллаж буй, НЗДТГ-ын 50-иас дээш настай 17 ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт медалиар шагнасан юм. Тухайлбал, Монголын Хүүхдийн ордны Төгөлдөр хуурын багш, улсад 38 жил ажиллаж буй Т.Туул, тус байгууллагын ахлах нягтлан бодогч, улсад 39 жил ажиллаж байгаа М.Байгалмаа, мөн байгууллагын жижүүр, улсад 34 жил ажиллаж буй Д.Нарандалай нар уг шагналыг хүртэв. Түүнчлэн нийт 90 албан хаагч НИТХ-ын Хүндэт тэмдэг, Хүндэт үнэмлэх, Нийслэлийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналыг тус тус гардлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Улс, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагналаа

“Жендэрийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорлоо

Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж дууслаа.

Ийнхүү гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл өнөөдөр гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчид шагналаа гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад гардуулан өгөв.

Уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналт сурагч Д.Болормаа:

-Аав, ээж, багш маань биднийг хайрлаж, байнга шинэ зүйлс зааж өгдөг шүү дээ. Тиймээс ээж, аавууд маань биднийг энэ тэнцүү хайрлаж, амьдралд тэгш оролцоотой хандаж, өөр өөрсдийн үүргээ биелүүлдэг гэдгийг зургаараа илэрхийлэхийг зорьсон. Тэмцээний талаар багшаасаа сонсоод оролцохоор шийдэж, зургаа хоёр өдрийн турш зурсан. Шагналт байранд шалгарснаа мэдээд маш их догдолж, өөрөөрөө бахархаад, хэлэх үг олдохгүй байсан.

Гар зургийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Э.Номинжин:

-Тэмцээний талаар багшаасаа мэдсэн. Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш оролцоотой гэж би боддог. Эмэгтэй цагдаа, сансрын нисгэгч, баатар, эрэгтэй цэцэрлэгийн багш, эмч гээд бүгд адилхан учраас тэр санаагаа зурагтаа тусгахыг хичээсэн. Тэмцээнд ороод шагнал авсандаа баяртай байна.

Эсээ бичлэгийн уралдааны гуравдугаар байрын шагналт сурагч Г.Хаш-Эрдэнэ:

-Жендэр гэх ойлголт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор гарч ирсэн гэж боддог. 1950 он хүртэл жендэрийн ойлголтыг хүмүүс тэр бүр чухалчилж авч үздэггүй байсан. Тэрнээс хойш “Эмэгтэйчүүдээ хамгаалъя” л гэдэг болсон. Жендэр гэхээрээ л эмэгтэй хүмүүсийг илүү их анхаараад, эрэгтэй хүмүүсийг тоохоо больчихсон. Тиймээс “Эрэгтэй хүмүүст ч гэсэн анхаарал хандуулъя” гэдэг санааг эсээндээ гаргаж өгсөн. Бага ангид байхад ангийн охид хөвгүүдийг зодож, дээрэлхэх тохиолдолд хэн ч тоодоггүй байсан. Харин хөвгүүд нь эргүүлээд охидыг өдөхөөр загнуулдаг. Манай нийгмийн ажилтан энэ талаар сургалт орж, хэн нь ч хэнийгээ дээрэлхэж болохгүй, нэгнийгээ хүндлэх хэрэгтэй гэж зааснаар охид ч биднийг дээрэлхэх нь багассан. Хааяа дүрсгүйтээд нэг нэгнийгээ өддөг ч гэсэн тоглоом, шоглоомоо ялгадаг болсон гэх юм уу даа. Эсээгээ бичээд, шагнал авч байгаадаа баяртай байна.

Эсээ бичлэгийн уралдааны хоёрдугаар байрын шагналт сурагч П.Энгүүн:

-Тэмцээний талаар аравдугаар сарын 10-нд мэдсэн. Гэтэл яг маргааш нь материалаа хураалгах сүүлийн өдөр байсан болохоор маш их сандарч, яарч бичсэн. Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг илтгэдэг гэж ойлгодог. Тиймээс нэг нэгнийгээ хүйсээр ялгаварлан, дээрэлхэхгүй байх хэрэгтэй гэсэн санааг эсээндээ бичсэн. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэн хэнийгээ хүндэлж харьцах хэрэгтэй гэж боддог. Би өмнө нь даамны тэмцээнд л орж байсан бол өнөөдөр анх удаа эсээ бичлэгийн уралдаанаас шагнал авлаа. Маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байна.

“Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааны шагналын эзэд

Гар зургийн уралдааны шилдгүүд:

  • Нэгдүгээр байранд 18 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Болормаа
  • Хоёрдугаар байранд 75 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Дөлгөөн
  • Гуравдугаар байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Номинжин

Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд:

  • Нэгдүгээр байранд 51 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Нандин-Учрал
  • Хоёрдугаар байранд 57 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч П.Энгүүн
  • Гуравдугаар байранд “Шинэ Монгол” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Г.Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on “Жендэрийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорлоо

“ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Дэлхийн суут хүмүүн, Их Монгол Улсыг үндэслэгч, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой 2022 онд тохиож байгаа бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр “Чингис хаан” музейн албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидахыг онцлон тэмдэглэв. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов.

“Чингис хаан” хаад, язгууртны музей нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, мөн томоохон бодит үйл явдлыг харуулсан 12 мянга орчим үзмэртэй байна.

Монгол Улсын Засгийн газар “Чингис хаан” хаад, язгууртны музей байгуулах шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргаж, Гадаад харилцааны яам музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд гадаадын улс орнуудаас монгол хаадын түүхийн зарим үзмэрүүдийг хуулбарлан авах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ИБУИНХУ, ХБНГУ, АНУ, ОХУ, Япон, Франц, Польш, Швед, Турк, Австри зэрэг дэлхийн 12 улсаас 28 дан мөн иж бүрдэл үзмэрийн “А” болон дижитал хуулбарыг музейн сан хөмрөгт хуулбарлан авах ажлыг зохион байгуулсан.

Тухайлбал, Юань гүрний цэргийн жанжны тамга, Зүүн гарын 4 хаадын хөрөг, Алтан ордны Тохтамыш хааны захидал, Юань гүрний цэргийн довтолгооны хуйлмал зургийн А” хуулбарууд болон Марко Пологийн тэмдэглэл зэрэг үзмэрүүд багтаж байна. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн урилгаар оролцож хүндэт дэвтэрт сэтгэгдэлээ үлдээж гарын үсэг зурсан байна.

  

Posted in news | Comments Off on “ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

“Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг боллоо

НЗДТГ, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн Жендэрийн салбар хорооны удирдлагууд болон НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид бүхий 100 гаруй алба хаагч хамрагдав.

Тус сургалт, хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх мэт онцлог асуудлыг авч, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга З.Төмөртөмөө “Жендэрийн асуудал ярихад зөвхөн эмэгтэй хүний тухай авч үздэг цаг өнгөрсөн. Өмнөх цаг үеийг бодвол жендэрийн тухай ойлголт нэмэгдсэн байна. Гэвч үүнийг цаашид ч нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай. Нэг удаагийн хурал, уулзалтаар асуудал шийдэгдэхгүй учраас үүнийг тогтмолжуулах нь зүйтэй. Өнөөдрийн орсон сургалтыг хэлэлцүүлэгт хамрагдсан удирдах албан тушаалтнууд цааш өөрсдийн албан байгууллага, ажилтнууддаа болон олон нийтэд хүргэх учиртай” гэсэн юм.

Төрийн алба бол хувийн бус, нийтийн эрх ашгийн төлөөх алба учраас жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийг ямагт хангаж, эрэгтэй болон эмэгтэй хүний ялгаатай хөгжилд зориулсан бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Уг сургалт, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцов.

НЗДТГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүрээнд

  • I-V ангийн сурагчид дунд “Гэр бүл дэх эцэг, эхийн оролцоо – Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт гар зургийн уралдаан
  • VI-IX ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
  • X-XII ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулжээ.

Энэ хүрээнд илтгэлийн тэмцээнд түрүүлсэн сурагчдад өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шагнал гардуулж, гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэлээ. Мөн тэргүүн байр эзэлсэн нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 12б ангийн сурагчид болох Б.Хүслэн, Э.Сэцэн нар “Өсвөр насны хүүхдүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг судалсан нь” сэдвээр илтгэлээ танилцуулсан юм.

Монгол Улс дахь жендэрийн статистик дараах хувьтай байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот цахим шилжилт хийх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тус зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ашиглах Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн системийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Тус нэгдсэн систем ашиглалтад орсноор албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах, бичиг цаас, зардал хэмнэх  зэрэг олон давуу тал бий болох юм.

 

Энэ хүрээнд НЗДТГ-аас “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны 87 байгууллагын 286 албан хаагч хамрагдсан юм.

Тус сургалтыг гурван сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Үүнд:

  • Нийслэлд хэрэгжиж буй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцох, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлын тухай
  • Нийслэлд хэрэгжиж буй хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцох, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлын тухай
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн системийн танилцуулга багтжээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй суурь асуудлууд болох инженерийн дэд бүтцийн хүртээмж, орлогод нийцсэн орон сууцыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг хамгийн том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын чиглэлээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, тухайлсан төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэгт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүдийг бүх талаар дэмжин ажиллана. Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт олон улсын ачаа тээвэр, логистикийн төв байгуулах, нийслэлд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх, олон улсын жишиг номын сан байгуулах, цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад таатай байх болно” гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүд маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, уг төслүүд цааш үргэлжлэх нь чухал гэлээ.

Уулзалтын үр дүнд талууд боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал боллоо

Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурлыг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар тус байгууллагын хамт олны хийж буй ажилтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг сонсож, хамтран шийдвэрлэж маш үр дүнтэй нэг өдрийг өнгөрөөв. Уг хуралд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцлоо.
Хурлын тухайд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Бидний асуудал нэг учир цаашид салбар хоорондын уялдааг илүү ханган, ойр ажиллах шаардлагатай байна. Иймд энэ хурлыг тогтмолжуулж, заавал хөрөнгө санхүү гэхгүйгээр байгууллагууд өөрсдийн нөөц боломж, дотоод баазыг ашиглан хамтран ажиллах нь ажлын урсгал, хамтын ажиллагааг сайжруулах үр дүнтэй гэж харж байна” хэмээн онцлов.
Дашрамд дурьдхад Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд залуусыг амьдрах, суралцах нөхцөл боломжоор ханган, улмаар мэргэжил олгох үйл ажиллагаа явуулдаг, 24 цагийн үйлчилгээтэй нийслэлийн төсөвт асрамж халамжийн байгууллага юм. Одоогоор тус цогцолборт 130 орчим гаруй хүүхэд залуус нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авч байна.
Posted in news | Comments Off on Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал боллоо

Түүхийн музей

 Түүхийн музей

Түүхийн музей гэдэг нэр томъёог ихэвчлэн үзмэр, цуглуулгуудыг хадгалж буй олон төрлийн музейд ашигладаг бөгөөд ихэнх тохиолдолд он цагийн дарааллыг харуулах үүднээс толилуулдаг. Энэ төрлийн музейд нь түүхийн ерөнхий агуулгыг хамарсан шинж чанартай учраас урлаг, шинжлэх ухааны маш олон үзмэр хадгалагдаж болох тул тэдгээрийг ерөнхий музей гэж нэрлэдэг.

Түүхийн төрөлжсөн асуудлуудтай холбоотой музей нь улс, хот, орон нутгийн хэмжээнд байж болох ч үндэсний хэмжээнд ерөнхий түүхийн музей ховор байдаг. Үүний нэг жишээ бол Мексик улсын Мехико хотын Чапултепек цайз дахь Үндэсний түүхийн музей юм.

Мексик улс дахь Чапултепек музей

Орон нутгийн болон бүс нутгийн түвшинд Лондонгийн музей болон Амстердам, Дрезден, Люксембург, Нью-Йорк, Стокгольм, Варшав зэрэг хотын музейн цөөн хэдэн жишээ байдаг. 

Хэрэв музейд холбогдох үзмэр олдохгүй эсвэл агуулгын хувьд таарахгүй бол тайлбарлагч нар он цагийн дарааллыг хадгалах, тайлбар хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд сэргээн шинэтгэсэн үзмэр, загвар, график хэрэглэх заримдаа мультимедиа техник ашиглан үзүүлдэг.

Түүхийн музейд археологийн олдвороор мэргэшсэн өвөрмөц төрөл байдаг нь эртний олдворын музей юм. Эрт үеийн үзмэрийн цуглуулгыг хэд хэдэн хотын үндэсний музейгээс олж болно, тухайлбал Амман, Йордан; Афин; Каир; Копенгаген; Эдинбург; Мадрид; болон Мехико хотын музей юм. Эртний олдворын музей нь ялангуяа Европ, Азид түгээмэл байдаг. Археологийн төрөлжсөн музейг эртний олдворын баялаг өвтэй газар, эсвэл олдворын байршлийг түшиглэсэн хэлбэрээр байгуулдаг. 

Түүхийн музейн өөр нэг төрөлжсөн хэлбэр нь угсаатны зүйн үүднээс материал цуглуулж, үзмэрлэдэг. Энэ нэр томъёоноос харахад цуглуулгын танилцуулгад он дараалал гэхээсээ илүү соёлыг чухалчилдаг. Үүний тод жишээ бол АНУ-ын Вашингтон ДС дахь Смитсоны институтын Америкийн индианчуудын үндэсний музей юм. Энэхүү музей нь 2004 онд нээгдэхдээ Америкийн бүх нутгийн уугуул ард түмний соёлын амьдралыг нэг музейд багтаасан өвөрмөц байгууллага хэмээн өргөмжлөгдсөн. 

Тус музей нь Хойд, Төв, Өмнөд Америкын уугуул Индианчуудад зориулсан бусад олон музейгээс дээгүүр хэмжээнд судалгаа, дүн шинжилгээ хийж, олон нийтэд зориулан үзүүлдэг болно.  Угсаатны зүйн музей нь Африк, Далайн шинэ үндэстний улсуудад онцгой ач холбогдолтой байсан бөгөөд эдгээр нь янз бүрийн соёлын бүлгүүдийн үндэсний эв нэгдэлд хувь нэмэр оруулах хэрэгсэл гэж үздэг. Аж үйлдвэржсэн орнууд, ялангуяа колоничлолд оролцож байсан орнуудын дунд угсаатны зүйн музей нь бусад ард түмний соёлын музей байсан уламжлалтай.  

Эдгээр байгууллагуудын ихэнх нь колоничлолын оргил үед алс хол, үл мэдэгдэх ертөнцийг харах цонх байсан нийслэл хотуудад байгуулагдсан байдаг. Ийнхүү Парис дахь Musée de l’Homme (Хүний музей), Лондон дахь Британийн музей, Амстердам дахь Тропенмузеумд тус тус байгуулагдсан. Гэсэн хэдий ч 20-р зууны сүүл ба 21-р зууны эхэн үед ийм цуглуулгын бүтцийн өөрчлөлт нь колоничлолын бие даасан хоёрдмол байдлаас ангижрах хүчин чармайлтыг санал болгов. 

Мөн улсуудад угсаатны зүйн төрөлжсөн музей байдаг. Ихэвчлэн эдгээр нь Оксфорд дахь Питт Риверсийн музейтэй адил, эсвэл Германы Бремен дэх Хилийн чанад дахь музей, эсвэл Английн Ливерпүүл, Мерсисайд дахь Үндэсний музей, галерей зэрэг худалдааны харилцаанаас болж үүссэн байдаг. Сүүлийн хоёр жишээ нь олон улсын томоохон боомттой ойрхон байсантай холбоотой.

Соёлын түүхийн музейн өөр олон хэлбэр байдаг. Хот, хөдөөгийн уламжлалыг хадгалахад чиглэсэн музейнүүд юм.  Эдгээр нь технологийн дэвшлийн хурдацтай тоогоор хурдацтай нэмэгдэж байна. Үнэхээр ч зарим түүхийн музей нь орчин үеийн амьдралын янз бүрийн материаллаг талыг баримтжуулах, олдворыг сонгон цуглуулах ажилд оролцдог. Энэ төрлийн ажлыг Шведэд анхлан эхлүүлсэн бөгөөд 1873 онд Артур Хазелиус Стокгольм дахь Нордикийн музейд уламжлалт амьдралын анхны музейг байгуулжээ. Үүний дараа 18 жилийн дараа Скансенд анхны задгай музей байгуулагдав. Хуучин Парис дахь Түгээмэл урлаг, уламжлалын үндэсний музей нь музейн барилга доторх үндэсний арга барилын жишээ юм.

Posted in news | Comments Off on Түүхийн музей

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглана.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд нийт 200 блок угсармал орон сууцыг дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байгаа бөгөөд 2703 өрхийн 21 барилга ашиглалтад орсон. Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ШАЛГАЛАА

Хотын дарга Стандарт, норм, дүрмийг шинээр боловсруулах, шинэчлэх ажлын талаар болон барилга байгууламж, гадна талбайн тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа. Тэрбээр “Стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх ажлын талаар нутгийн захиргааны байгууллагуудаас санал авсан. 16 стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх шаардлагатай 28, барилгын зургаан норм, дүрмийг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн санал ирсэн. Саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Он гарснаас хойш 888 барилга, байгууламж, гадна талбайн тохижилтын ажилд комисс ажилласан. Үүнээс 739 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Үлдсэн ажлуудын хувьд гадна орчны тохижилт зураг төслөөсөө зөрүүтэй, явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг стандартын дагуу хийгээгүй  гэх мэт зөрчил илэрсэн” гэв.

Хотын дарга ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй хотхон ашиглалтад орох зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг онцолж байлаа. Иймээс Ажлын хэсэг гарч, энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд 2020 оноос хойш олгогдсон барилгын ажлын зөвшөөрлүүдийг холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх талаар нэгдсэн шалгалт зохион байгуулсан талаараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн  танилцуулав. Тэрбээр “Шалгалт хийгээд дууссан. Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн. Барилга хоорондын зай хэмжээ стандартын дагуу бус, хотын хүн амын нягтаршлыг тооцож барилгын зөвшөөрөл олгодоггүй гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн. Цаашид авах арга хэмжээний талаар Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болсон” гэлээ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл  байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.

Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

ГАЛ ТҮЙМЭР, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

Үүний дараа гамшиг осол болон гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Сүүлийн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 48, аврах ажиллагааны 13 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Гал түймрийн утаажилтын бүсээс  48 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 13 иргэнийг аварч ажилласан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1387, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 163, нийт 1555 дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар өссөн үзүүлэлт. Объектын гал түймрийн дуудлага хүйтэрч байгаатай холбоотойгоор нэмэгдсэн” хэмээлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Гудамж, замын хяналт шалгалтад 480 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалтаар 40 мянга, камерын хяналтаар 35 мянган зөрчлийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1200 зөрчлийг илрүүлснээс 15 жолооч осол гаргасан байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 4100 гаруй осол бүртгэгдсэнээс 104 хүн гэмтэснээс 86 нь явган зорчигч байсан” гэж мэдээллээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОО, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
  • Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн соёл урлагийн салбарт түүчээлэгчдийг урамшууллаа

Соёл урлагийн салбарт түүчээлэгчдийг урамшууллаа

Соёл, урлагийн ажилтны өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улс эл өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр нар нийслэлд соёл урлагийн салбарт олон жил ажилласан, салбартаа түүчээлэгч эрхмүүдэд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Соёл, урлагийн ажилтны нийгмийн асуудалд нийслэлийн зүгээс онцгой анхаарч байна. Энэ чиглэлээр дэмжих бодлогыг боловсруулан ажиллаж байгаа. Иймд бодит үр дүн та бүхэнд удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлж, нийслэлийн иргэдийн соёлын цангааг тайлж буй та бүхэнд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “Нийслэл Улаанбаатар хот бол их айл. Улаанбаатар хотод соёлын чиглэлээр ажиллаж байгаа маш олон уран бүтээлч, ажилтан бий. Тэдэн дундаас энэ салбарт 15-30 жил ажилласан, соёлын салбарын түүчээлэгч уран бүтээлч, соёлын ажилтнууд цөөнгүй. Нийслэлийн Соёл, урлагийн газраас урлаг, соёлын ажилтны баярын өдрийг тохиолдуулан салбартаа  нэр нөлөө бүхий уран бүтээлчдийг урамшуулж байна” хэмээсэн юм.

Шагнал хүртсэн уран бүтээлч, соёлын салбарын төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Баянзүрх дүүргийн Соёлын ордны номын санч Д.Оюунтуяа:

-Соёлын яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсандаа баяртай байна. НЗДТГ болон Нийслэлийн Соёл, урлагийн газарт талархлаа илэрхийлье. Мөн энэ салбарт ажиллаж буй хүмүүстээ баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Чөлөөт уран бүтээлч Д.Туяа:

-Би 2004 оноос хойш 19 жил соёл, урлагийн салбарт ажиллаж байна. Миний багш бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа. Өнөөдөр би Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэсэн эрхэм цолыг хүртлээ. Энэхүү шагналыг хүртэх хүртэл тусалж, дэмжиж ирсэн ижий, аав, уран бүтээлийг минь хөглөж, тэрлэж өгдөг ханьдаа баярлалаа. Багшдаа болон соёл, урлагийн салбарт ажиллагсад, энэ салбарт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэе. Биднийг дэмжин ажилладаг Соёлын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газарт мөн талархал илэрхийлье.

Баянзүрх дүүргийн Соёлын ордны үйлчилгээний ажилтан Г.Алтанчимэг:

-Миний хувьд соёл, урлагийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн энэ баярт өдөр НИТХ-ын хүндэт тэмдгээр шагнууллаа. Хамт олондоо болон соёл, урлагийн салбарт ажилладаг хүмүүстээ баярын мэнд хүргэе.

Чөлөөт уран бүтээлч Б.Отгончимэг:

-Би 10 гаруй жил соёл, урлагийн салбарт, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Энэ хугацаанд хамтарсан болон ганцаарчилсан олон уран бүтээлийг хүмүүст хүргэсэн. Урлагийн хүмүүсийн хувьд хүндтэй шагнал болох Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртэн баярын өдрөө угтлаа. Олон уран бүтээл хийх урам зориг авч байна. Соёл, урлагийн салбарынхандаа баярын мэнд хүргэе гэлээ.

Posted in news | Comments Off on Нийслэлийн соёл урлагийн салбарт түүчээлэгчдийг урамшууллаа

Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хуралдаанд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” болон нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж  ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ. Энэ нь 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ирсэнтэй  холбоотой юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад газрын харилцааны хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж, нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр барилгажсан талбай, нэмэгдэж, дэд бүтцийн нягтаршил үүсэж, төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага тулгарсан байна. Тиймээс  “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан байна. Ингэхдээ  холбогдох хууль тогтоомжууд хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэгт нийцүүлсний дээр олон нийтийн оролцоог хангаж, холбогдох мэргэжилтнүүд болоод дүүргийн газрын албад, эрдэмтдэд танилцуулж, саналыг авсан гэдгийг төлөвлөгөө боловсруулсан багийнхан тодотгож байлаа.

“Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2022-2036 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хилийн заагийг тодотгоод зогсохгүй эдэлбэр газар, дэд бүтцийн зохион байгуулалт ойлгомжтой болж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт ч тодорхой болох юм. Түүнчлэн Улаанбаатар хотын эдэлбэр газар дахь агаар, газар, хөрс, усны бохирдол, доройтлыг бууруулах инженерийн бэлтгэл хийх, шугам сүлжээ, байгууламж барих газрын байршил тодорхой болж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хориглолтын бүсийн хил заагийг тогтоож, тэмдэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөсөн байна.  Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг чамбайруулан нягтлахыг төлөвлөгөө боловсруулсан багийнханд үүрэг болголоо. Тус төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр хурлын тэмдэглэлд тусгалаа.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХГҮЙ БАЙХАД АНХААРНА

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул дээрх журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Налайх дүүргийн хэмжээнд галлагааны улиралд нийтдээ 23 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд  түлш тээвэрлэх, нөөцлөх, түгээх ажлыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныхан хүссэн юм.

Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудал нь сайжруулсан шахмал түлшийг хадгалах агуулахын асуудал юм. Баталж өгсөн төсөв нь Засгийн газраас үүрэг болгосон хэмжээний түлш нөөцлөхөд хүрэлцэхээргүй байгаа аж. Тиймээс нийслэлийн зүгээс хүлээсэн үүргийн дагуу сайжруулсан түлш нөөцлөн хадгалах агуулахын асуудлыг яаравчлан шийдвэрлэх, тээвэрлэгч компаниудын зүгээс тавьж буй шаардлагын талаар хэлэлцэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, тээвэрчдийн тухайд одоогийн мөрдөж буй үнэ тариф алдагдалд оруулж буйг удаа дараа хэлж байгаа аж.

Налайх дүүрэгт түүхий нүүрс хууль бусаар олборлох тохиолдол гардаг. Тиймээс дүүргийн хэмжээнд түүхий түлэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Налайх дүүргийн хэмжээнд түүхий нүүрсний олборлолт, түгээх, түлэх асуудал гаргахгүй байх үүргийг  дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээж байгаа. Иргэдийн хувьд сайжруулсан шахмал түлшний ач холбогдлыг ойлгосны дээр үнэ ханш нь хямд тусч буй тул түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна. Харин шахмал түлшийг бусад аймаг хот руу гаргахгүй байхад давхар анхаарал хандуулах нь зүйтэй”-г тодотгож байлаа.

Posted in news | Comments Off on Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 29 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 47 төрлийн ажил хийхээс гүйцэтгэл 45 хувьтай байна. Мөн нийслэлийн хэмжээнд 1551 төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилт 87 хувьтай байгаа юм. Түүнчлэн барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сургалт, мэдэгдэл, зөвлөмж, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг өгсний дагуу 17.392 нүхэн жорлон, 10.173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянга ам метр орчим талбайд ариутгал хийсэн байна. Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 385 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 116 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэв.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байлаа.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ ТУЛ ҮЕР, УСНЫ АЮУЛ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Аюулт  үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас өглөө. Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ. Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой байгаа нь үер, усны аюул болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа.

БАЯРЫН АМРАЛТААР ХҮНИЙ АМИНД ХАЛДСАН ХЭРЭГ ГАРААГҮЙ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын дэд дарга, хурандаа Б.Оюутболд баярын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа. Тэрбээр “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүллээ. Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан. Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө. Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн. Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан. Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэв.

Хүний аминд халдсан хэрэг гараагүй. Харин 47 иргэн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД 350 БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Б.Батшагай “Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх, Багануур дүүрэгт давхардсан тоогоор 350 улсын байцаагч хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хийн ашиглалт, эрчим хүч, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажилласан. Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон  бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн” хэмээн ярилаа.

Мөн “Ард” кино театрын барилгыг нурааж байгаа дуудлагын дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд объектыг тойруулж хашаалах арга хэмжээ авчээ.

Авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав. Замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ. Мөн Партизаны гудамж буюу 11 дүгээр сургуулиас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замын ажил төсвийн тодотголоор хасагдсан аж. Түүнчлэн Их сургуулийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Бага тойруугийн зүүн хойд хэсгийн явган хүний замын ажлыг хийжээ. Төвийн зургаан дүүргийн болон гол, туслах замын засвар арчлалтын ажил арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд урсгал засварыг өдөр тутам хийж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18 гудамжны 4000 ам метр, Хан-Уул дүүрэгт 26 гудамжны 1757 ам метр, Баянзүрх дүүрэгт 32 гудамжны 1100 ам метр нүхэн эвдрэлийг засварлажээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54.500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг. Холбогдох цэргийн анги руу хүсэлт явуулж, иргэдээс ирсэн хүсэлтийг судалж, Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 агуулах түрээсэлж байгаа” гэв.

“Таван толгой түлш” ХХК-ийн хувьд Баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, өдөрт 688 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байв.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангасан. 8000 орчим айлд утаа мэдрэгч тавих ёстой” гэв. Мөн түлш нөөцлөх агуулахаа бэлдсэн тул бэлэн байгаа түлшээ өгөхийг хүссэн юм.

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм. Голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Иймээс Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүслээ. Тэрбээр мөн вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус өвчин гарахаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ, ЗАСВАРЫГ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах.
  • Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах.
  • Хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх.
  • Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах.
  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах.

Цаг үеийн асуудлын хүрээнд

  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах.
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах.
  • Цаашид хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
  • Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой борлуулалтын цэгүүдийн байршлыг нийслэл Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах.
  • Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах.
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах.
  • Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг тус тус үүрэг болгов.

Posted in news | Comments Off on Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН МУЗЕЙ

(Нийтлэл №4)

Шинжлэх ухаан, технологийн музей нь шинжлэх ухааны санаа, багаж хэрэгслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Байгалийн шинжлэх ухаан, байгалийн түүхийн музейн нэгэн адил шинжлэх ухааны музей нь сэргэн мандлын үеэс эхтэй.

Эдгээрийн зарим нь эрдэмтдийн цуглуулгаас, бусад нь 18-р зуунд Нидерландын Харлем дахь Тейлерсийн музей зэрэг хувийн цуглуулгаас бий болсон байна.

Шинжлэх ухааны музейн хожмын хөгжил нь шинжлэх ухааны хэрэглээний агуулгыг илэрхийлж байдаг тул технологийн болон шинжлэх ухааны хүчин чармайлтын үр дүнгийн нотолгоо болж байдаг.

Зарим шинжлэх ухаан, технологийн музей нь шинжлэх ухаан болон түүний хэрэглээг харуулахад чиглэдэг.

Шинжлэх ухааны музей нь насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдэд зориулагдсан нь түгээмэл байдаг бөгөөд үзэгчдэд үзүүлэх загвар болон интерактив үзүүлэнгээр дамжуулан үзүүлэх боломжтой байдаг.

Эдгээрийн алдартай жишээ бол Герман улсын Мюнхен хот дахь Дойчес музей, Лондон дахь Шинжлэх ухааны музей, (илүү мэргэшсэн шинж чанартай) АНУ-ын Вашингтон ДС дахь Үндэсний Агаарын болон Сансрын музей юм.

Бусад төрөлжсөн төмөр замын болон тээврийн музейнүүдэд Английн Йорк дахь музей эсвэл Люцерн нуурын эрэг дээрх Швейцарийн тээврийн музей багтана.

Хамгийн сүүлийн үеийн байгууллагууд бол ихэвчлэн томоохон техникийн бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан үйлдвэрлэлийн музей юм.

Парис дахь the Palace of Discovery зэрэг орчин үеийн шинжлэх ухааны музейд шинжлэх ухааны онолын үзүүлбэр үзүүлдэг.

Энэтхэг улсад Шинжлэх ухаан, технологийн музей нь боловсролд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг бөгөөд Шинжлэх ухааны музейн үндэсний зөвлөл энэ төрлийн музейн сүлжээг орон даяар байгуулжээ.

Шинжлэх ухааныг харуулсан боловч түүхийн хэрэглүүрийг цуглуулах, хадгалах үүрэг хариуцлага хүлээдэггүй шинжлэх ухааны төвүүд ижил төстэй үүргийг гүйцэтгэдэг.

Энэ салбарын анхдагч нь Торонто дахь Онтарио шинжлэх ухааны төв юм.

Чикаго дахь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музей эсвэл Мехико дахь технологийн музей зэрэг шинжлэх ухаан, технологийн зарим музей нь илүү техникийн шинж чанартай байдаг.

Үйлдвэрүүд эдгээр музейнүүдийг өв соёлоо хадгалан үлдээх, бүтээлээ сурталчлах зорилгоор шууд болон шууд бусаар ивээн тэтгэж, зарим нь өөрсдийн музейгээ нээн ажиллуулдаг.

Бусад музейд шинжлэх ухаан, технологийн хэрэглээний үр дүнд бий болсон тодорхой бүтээгдэхүүнийг онцлон үзүүлдэгийн жишээ нь АНУ-ын Коннектикут мужийн Бристол дахь Америк цагны музей юм.

Posted in news | Comments Off on ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН МУЗЕЙ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт үргэлжилж байна.

Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн  талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Тухайлбал, явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаасан. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл цаашдаа үргэлжлээд явах бололцоотой.

Түүнчлэн нийтийн эдэлбэр газрыг сайжруулах арга хэмжээний хүрээнд гарааш, хашаа, хайс чөлөөлөх, тохижуулах зэрэг олон ажлыг хийж байна. Тухайлбал, чөлөөлсөн байршлуудад давхар авто зогсоол, газар доорх гараашийн тохижилтын шийдлүүд гарсан. Тохижилт хийх байршлуудад зураг төслийн ажил хийж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ 637.7 ГА ТАЛБАЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хотын тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, дүүрэг бүрд хэрэгжүүлж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайс буулган тохижуулсан ажлуудын талаар танилцууллаа. Тэрбээр  “2022 онд хэрэгжих 59 төсөл, арга хэмжээ байгаа. Хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар 9 м2 гэж заасан. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 м2 байдаг. Манай хотын хувьд ойролцоогоор 5.5 м2 байгаа. Усан сан буюу хиймэл нуур барьж байгуулах, ай савууд дээр усан цөөрмийг бий болговол агаар, усны бохирдол, тоосжилтыг багасгаж, чийгшил нэмэгдэх хэрээр ногоон байгууламж, ойжуулалтад таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаргын усыг цуглуулж нуур, цөөрөм бий болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлэх шийдэл болно. Мөн гарааш, хашаа хайс, явган хүний замын хөдөлгөөнд саад учруулж буй объектыг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа” хэмээлээ. Түүнчлэн газар хийгээд мөнгө нь байх юм бол 10 давхар барилгыг нэг жилийн дотор барина. Харин мод арчилж ургуулахад багадаа 10 жил шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

 

Posted in news | Comments Off on Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

ДЭЛХИЙН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Дэлхийн даяар “Олон улсын музейн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил “Олон улсын музейн өдөр”-ийг музейн хүч, нөлөө уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Улаанбаатар хотын музейгээс 5 дугаар сарын 18-ны өдөр   хүүхэд багачуудад зориулан “Хөрөг” сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэн болон музейн боловсролын ажлын хүрээнд “Бидний Баатар хот” боловсролын ажлыг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд 50 гаруй хүүхэд хамрагдлаа.

 

Мөн “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 5 дугаар сарын 28-ны өдөр “Хөрөг” сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэн, Нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, Ибру урлаг буюу усан дээр зураг зурах үзүүлбэр ба хүүхэд, гэр бүлд зориулсан зураг зурах үйлчилгээ, уран бичлэгийн үзүүлбэр үйлчилгээ, хөрөг зургийн үзүүлбэр үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

   

 

Арга хэмжээний үеэр Монголын хамгийн өндөр хүн “Өндөр Гонгор”-той хамт гэрэл зургаа авхуулах, Музейн брэнд дүр болох “Хотудай”-тай хамт гэрэл зургаа авхуулах үйлчилгээг мөн зохион байгуулсан.

Энэ үеэр Музейн боловсролын ажлын хүрээнд “Бидний Баатар хот” боловсролын ажилд Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн сурагчид болон үйл ажиллагаанд оролцсон гэр бүлүүд идэвхтэй оролцсон.

Тус үйл ажиллагаанд нийт 80 гаруй сурагч, 150 иргэн оролцлоо.

Posted in news | Comments Off on ДЭЛХИЙН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022” БУЮУ НОМЫН БАЯР

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь 31 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочид, олон орны элчин сайд, зохиолч, орчуулагчид хүрэлцэн ирж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь “Үндэсний бичиг соёлын өдөр”, Номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг нотолж байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ном бол хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Монгол туургатан мянга мянгаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж, есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун уламжлалтай ард түмэн”  хэмээлээ.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Тэд энэ жилийн Номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцолж байв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжилсэн юм.

Улаанбаатар хотын музейн удирдлага болон ажилтнууд тус өдөрлөгт амжилттай оролцлоо.

   

Posted in news | Comments Off on “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022” БУЮУ НОМЫН БАЯР

Байгалийн түүх, байгалийн шинжлэх ухааны музей

Нийтлэл №3

Байгалийн түүх, байгалийн шинжлэх ухааны музей

Байгалийн түүх, байгалийн шинжлэх ухааны музей нь байгалийн ертөнцтэй холбоотой байдаг; Тэдний цуглуулгад шувууд, хөхтөн амьтад, шавж, ургамал, чулуулаг, ашигт малтмал, чулуужсан олдворуудын сорьц агуулагдаж болно. Эдгээр музейнүүд нь Сэргэн мандалт ба Гэгээрлийн үед Европ дахь нэр хүндтэй хүмүүсийн бүтээсэн танин мэдэхүйн кабинетаас эхтэй.

Байгалийн ертөнцөөс авсан сорьцуудыг (хэдийгээр нэвтэрхий толь бичгийн цуглуулгын нэг хэсэг байсан ч) хамгийн эртний зарим музейд болох Английн Оксфорд дахь Ашмолеан музей, Лондон дахь Британийн музей, Парис дахь Байгалийн түүхийн үндэсний музей зэрэгт хадгалж байдаг.

19-р зуунд байгалийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр байгалийн ертөнцийн үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх музейнүүд цэцэглэн хөгжиж, тэдний тоо хэд дахин нэмэгджээ. АНУ болон Латин Америкт тэдний цуглуулгад ихэвчлэн физик, нийгмийн антропологи, байгалийн шинжлэх ухааны үзмэрүүдийг багтаасан байдаг.

Хожим нь байгалийн шинжлэх ухааны музейнүүд байгаль хамгаалах шинэ чиг хандлага, хүрээлэн буй орчны асуудалд нөлөө үзүүлсэн байна. Зарим музейд байгаль орчны төлөвлөлтийг хөнгөвчлөх (ихэвчлэн орон нутгийн төлөвлөлтийн эрх бүхий байгууллагатай хамтран) болон экологийн үзмэрийг тайлбарлахад туслах зорилгоор үйлчилдэг газар нутгийнхаа биологийн өгөгдлийг бүртгэх зарим хөтөлбөрүүдийг бий болгожээ.

Нью Йорк дахь Америкийн байгалийн түүхийн музей

Лондон дахь Байгалийн түүхийн музей, Вашингтон дахь Смитсоны хүрээлэнгийн байгалийн түүхийн үндэсний музей, Нью Йорк дахь Америкийн байгалийн түүхийн музей зэрэг томоохон музейд байгалийн ертөнцийн харьцуулсан олон цуглуулга, тэр дундаа төрөл зүйлийн дээжийг хадгалдаг.

Ийм музей нь ангиллын судалгааны олон улсын төвүүд бөгөөд ихээхэн хэмжээний судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Posted in news | Comments Off on Байгалийн түүх, байгалийн шинжлэх ухааны музей

Ерөнхий музейнүүд

Ерөнхий музейнүүд

Нийтлэл №2
Ерөнхий музей нь нэгээс олон сэдвээр цуглуулгатай байдаг тул заримдаа олон салбар эсвэл салбар дундын музей гэж нэрлэдэг. Дийлэнх олонх нь 18, 19, 20-р зууны эхэн үед байгуулагдсан, хувийн цуглуулгуудаас гаралтай бөгөөд тухайн үеийн нэвтэрхий толь бичгийг тусгасан байдаг. Зарим ерөнхий музей нь худалдаагаар дамжсан соёлын харилцааны нөлөөг харуулдаг.

Энэ төрлийн музейд хэд хэдэн чухал төрөлжсөн цуглуулгууд байдаг бөгөөд энэ нь тэдгээрийг нэгээс олон төрөлд ангилах боломжтой юм. Энэ нь ялангуяа төрөлжсөн музейд үзүүлсэн материалын тоо хэмжээ, чанараас хэтрэхгүй бол нэг буюу хэд хэдэн чиглэлээр цуглуулгатай байж болох олон томоохон ерөнхий музейнүүдэд хамаарна.

Зарим үндэсний музейнүүд үндсэн байрандаа ерөнхий цуглуулгаа үзүүлдэг бөгөөд олонх нь ийм маягаар эхэлдэг боловч хожим талбайгаа нэмэх хэрэгцээ нь цуглуулгуудыг хувааж, төрөлжсөн музейн өсөлтийг нэмэгдүүлдэг.
Ерөнхий музейн дунд хамгийн түгээмэл нь тухайн бүс нутаг эсвэл орон нутагт үйлчилдэг музей юм. Тэдний ихэнх нь иргэний бахархал, тухайн нутгийн тухай сурталчлах хүсэл эрмэлзэлд үндэслэсэн байдаг. Тэд зүүн болон баруун Европт өргөн тархсан бөгөөд Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Хойд ба Өмнөд Америкт нилээд түгээмэл байдаг.

Тэдний гол үүрэг бол тухайн нутгийн байгаль, хүн төрөлхтний түүх, уламжлал, бүтээлч сэтгэлгээг үзмэрээр дамжууулан үзүүлэх явдал юм. Ихэнх тохиолдолд ийм байдлаар үйлчилдэг нийгэмлэг нь соёлын хувьд нэг төрлийн байдаг. Эс бөгөөс музей нь янз бүрийн ард түмний харилцан ойлголцлыг бий болгохын тулд тусгай хөтөлбөр боловсруулж болно.

Английн Брэдфорд хотын музейн үзмэрийн дээжээс.

Английн Брэдфорд, Лестер зэрэг цагаачид ихтэй хотуудад бүс нутгийн музей ийм ажилд идэвхтэй оролцдог. Заримдаа үндэсний музей эсвэл бусад агентлагаас бэлтгэсэн тусгай үзэсгэлэнгүүд нь бүс нутгийн музейд олон нийтэд үндэсний эсвэл илүү өргөн хүрээтэй олон улсын өвтэй танилцах боломжийг олгодог.
Нийтлэг музей, ялангуяа бүс нутгийн болон орон нутгийн түвшинд, ялангуяа өргөн хүрээтэй судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тохиолдолд олон төрлийн цуглуулгуудыг арчлахад шаардлагатай олон тооны мэргэжилтнүүдийг ажиллуулах зардал өндөр байдаг тул хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Зарим музейд судлаачид, ялангуяа археологи, түүх, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил төрөлжиж, тухайн бүс нутгийн байгаль орчныг бүртгэх, мэдээллийн сан бэлтгэхэд оролцдог болсон тул шинжлэх ухааны болон түүхийн ач холбогдолтой газарт хэрэгжих төсөл төлөвлөгч, боловсруулагчдад зөвлөгөө өгч ажилладаг. Бусад ерөнхий музейнүүдийн хувьд уламжлалт үүргээ хэвээр хадгалсаар ирсэн боловч олон талт арга барил нь үзэсгэлэнгээрээ илэрхийлэгддэг Японы Йокохама хотын Каназава Бунко музейн нэгэн адил олон нийтэд чиглэсэн үйлчилгээнд хүчин чармайлтаа төвлөрүүлдэг. Бүс нутгийн болон орон нутгийн олон музейн дэмжин ажилладаг бусад бүтээн байгуулалтын ажлууд нь археологийн болон байгалийн онцлогийг тайлбарлах зорилгоор газар дээр нь музей, хүрээлэн буй орчны талаар өгүүлэх өвийн төвүүдийг ялангуяа хот суурин газруудад байгуулах болон музейн гадуурх үйл ажиллагаа болох өв соёл, байгалийн жимийг хөгжүүлэх явдал юм.
Зарим музей нь тодорхой үзэгчдэд зориулагдсан бөгөөд ихэвчлэн зорилгодоо нийцүүлэн ерөнхий цуглуулгуудыг олж цуглуулдаг. Эдгээрийн нэг нь хүүхдийн музей (насанд хүрэгчдийн музей бас байдаг) бөгөөд интерактив үзмэрүүдийг байнга үзүүлдэг. Сонирхолтой жишээнүүд гэвэл Нью-Йорк хотын Бруклины хүүхдийн музей, Бостон дахь Хүүхдийн музей, Индиана дахь Индианаполис хотын асар том хүүхдийн музей (12 га талбай дээр байрладаг бөгөөд жилд нэг сая гаруй зочдыг татдаг) болон Шинэ Делигийн Үндэсний Хүүхдийн Музей орно. Мөн Нью-Йорк хотод 2002 онд нээж, маш их маргаан үүсгэсэн Сексийн музей гэх мэт зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан музей байдаг.

 

АНУ-ын Индианаполис хотын Хүүхдийн музей нийт 12 га талбайд байрладаг байна.

Posted in news | Comments Off on Ерөнхий музейнүүд

Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа

Улс, нийслэлийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүчээ болж, нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг энэ жилээс хүртэж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэл дангаараа үйлдвэрлэж буй. Гэвч бид төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадалгүй өнөөг хүрсэн. Харин Монгол Улсын Засгийн газраас  өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан нь нийслэлийн татвар төлөгчийн мөнгө эргээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг задлах, олон төвт хот болгоход зарцуулагдах болсон. Нийслэлийн иргэдийн төлсөн татварын мөнгөөр аймгуудын асуудлыг шийддэг байсан тогтолцооноос салж, Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж эхэлсэн гэдгийг дахин хэлье.

Цаашид бид илүү хурдтай хөгжиж, 30 жил хуримтлагдсан олон асуудлыг шийдэх шаардлагатай. Үүний тулд нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлэн, үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сайжруулан ажиллах болно. Эхний алхам болгож нийслэлийн удирдлагуудын зүгээс татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээ бүхий л байдлаар дэмжин ажиллахыг зорьж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Мөн барилга барих зөвшөөрөл авахаас эхлээд улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх шат дамжлагыг цахим болгохоор төлөвлөн ажиллаж байна. Цаашид ч улс, нийслэлийнхээ татварыг бүрдүүлэхэд ачааны хүндийг үүрч буй иргэн, аж ахуйн нэгжээ дэмжин, эргэх холбоотой ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.

Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа нь илүү олон татвар төлөгчтэй болгоно. Иргэд, аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээг нэмэхээс илүүтэй татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх эрүүл, шударга төрийн бодлого гэж боддог учраас Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Татвар төлөгчдийг дарамтлах биш, дэмжиж, хамтдаа урагш алхах нь нийслэлийн удирдлагын багийн эрхэм зорилго юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа үнэнч, шударгаар, тухай бүр төлсөөр байгаа татвар төлөгч та бүхний нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр нийслэл, дүүргийн төсөвт 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрч, Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин цэцэглэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгчдийн оруулсан хувь нэмэр асар их билээ.

Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт Татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Posted in news | Comments Off on Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа

“НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот – Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2022 оны 05 дугаар сарын 06-аас 05 сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ ажлуудын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын музейн хамт олон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д үхрийн нүд, хайлаас, тэхийн шээг зэрэг мод, бутыг тарьж суулгалаа.

    

             

Posted in news | Comments Off on “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД ОРОЛЦОВ