НИЙСЛЭЛ ХҮРЭЭ - 109
ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН (2021)
Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл хот болсны 109 жилийн ойд зориулан гаргаж буй гэрэл зургийн үзэсгэлэнг таалан сонирхоно уу.
Нэг. VIII Богдыг хаан ширээнд залгамжлах ёслол ба Төрийн Шар ордон
-
- Их хүрээний хурлын төв газар-Батцагаан цогчин дуган, XX зууны эхэн. 1706 онд Өндөр гэгээн Занабазарын загвараар томсгож жижгэсгэх зориулалттай, 108 баганатай Батцагаан цогчин дуганыг бүтээсэн гэж үздэг. Их хүрээ 20 гаруй удаа нүүдэллэсний эцэст 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнжид ирж суурьшихад Батцагаан цогчин одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлаж байжээ. Энэхүү дуганыг 1937 онд буулгажээ. Батцагаан цогчин дуган Анхдугаар Жавзандамба хутагт Занабазар Өргөөгөө зөвхөн өөрийн аж төрөх газар төдийгүй Халх монгол дахь бурхны шашны төв Хүрээ болгон өргөтгөх ажлыг урьдахаасаа илүү далайцтай өрнүүлж, 1706 онд одоогийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэ толгой хэмээх газарт Батцагаан хэмээх цогчин дуганыг байгуулснаар жинхэнэ Их хүрээг үүсгэжээ. Богдын хүрээний лам нарын тоо олширсон тул Богд гэгээн Занабазар шинээр гэр хэлбэрийн том хэмжээний барилгын загварыг сэдэн олсон нь монголын уран барилгын дахин сэргэлтийн эхийг тавьсан байна. 1960 онд Н.М.Шепетильников Москва хотод хэвлүүлсэн “Архитектура Монголий” номдоо “. Да Хүрээнд байсан Цогчин (Батцагаан) монголын барилга барих ухааны дээд оргил нь байсан ба монголын үндэсний архитектурын гайхамшигт дурсгал” хэмээн бичжээ.
-
- Өндөр гэгээн Занабазар монгол загвараар бүтээсэн Батцагаан цогчин дуган. Монгол зураг, XIX зууны эхэн
-
- Батцагаан цогчин дуганы туурийн хэсэг. Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Эрдэнэ толгой. 2014 он. 1706 онд Батцагаан хэмээх анхны цогчин дуганыг Дунд Цэцэрлэгийн голын Эрдэнэ толгойд байгуулснаар Өргөө Их хүрээ болон өргөжсөн бөгөөд одоогийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэ толгой багийн нутаг Эрдэнэ толгойд 1706-1719 онд Хүрээ суурьшиж байжээ.
-
- Богдыг хаан ширээнд залгамжлах ёслол ба Төрийн Шар ордон. VIII Богд Жавзундамба хутагтыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хаан ширээнд залах ёслолын үеэр Батцагаан цогчин дуганы урд. 1911.12.29. Хаан ширээнд залах энэхүү ёслол Богдын шар ордон дотор тусгайлан зассан Төрийн тугдам хэмээх өргөөнд болсон бөгөөд Шар ордон нь одоогийн дөрөвдүгээр дэлгүүрийн урд талын дөрвөн замын уулзвар орчимд байжээ.
-
- Богдын шар ордны өмнө талын шөргөн хашааны баруун талын Асарт хаалга. 1913 оны 7-р сар. Гэрэл зургийг Стефан Пассе. Богдын шар ордны баруун талын асарт хаалганы хажуу талд “Олон ван, засаг тайж нараас доош иргэд Та хүртэл үүн дор мориноос буу” хэмээн бичжээ. Богдын шар ордонд ирсэн хүмүүс энэ хаалганаас цааш морьтойгоо нэвтэрдэггүй байжээ. Одоогоор машин зогсоолыг заасан тэмдэг болой.
-
- VIII Богд Жавзундамба хутагтыг хаан ширээнд залах ёслолд оролцохоор ирсэн монголын ноёд, язгууртан, лам нар. 1911.12.29
-
- VIII Богд Жавзундамба хутагтыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хаан ширээнд залах ёслолд оролцож буй Хүрээн амьдарч асан Оросын харьяатууд. Богдын шар ордны өмнөх талбайд. 1911.12.29
Хоёр. Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн өргөмжилсөн нь
-
- Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн өргөмжилсөн нь. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт (1869-1924 он) 1912 онд Ж.Э.Моррисоны авсан гэрэл зургаас хожим Богдын зураач марзан Шарав харж зурсан зураг. Шаравын зурсан зургийн эх өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.
-
- Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэр өргөмжилсөн тухай бичиг. Өргөн илгээх бичиг Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Өргөн илгээх бичиг Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны бичиг Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн илгээв. Явуулах учир: Энэ өвлийн сүүл сарын хоринд (1912.02.07) манай Дотоод яамнаас хуудас хавчуулж айлтгасан нь: Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир, Боолчууд мэхийн хянаваас Их Хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл Хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү өдрөө хүлээн авсан уг хавчуулсан хуудсанд улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй хэмээн явуулсугай. Үүний тул өргөн илгээв. Олноо Өргөгдсөний тэргүүн оны сүүл сарын хорин хоёр (1912.02.09)
-
- Нийслэл хүрээн дэх Төрийн яамдын газар буюу Олон яамдын газрын өмнө байсан шөргөн хашаа бүхий ямпай. 1913 оны 7-р сар. Гэрэл зургийг Стефан Пассе. 1911 онд сэргээн мандсан Монгол Улсын төрийн анхны таван яам одоогийн МУБИС-ийн хичээлийн 1-р байрны орчимд байжээ.
Гурав. Гандангийн дэнж, Мэгжид Жанрайсэгийн дуган
-
- Гандантэгчинлэн хийд. 1898 он. Гэрэл зургийг А.А.Лушников Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж эхлэхээс 10 гаруй жилийн өмнө. Гандангийн дэнж, Мэгжид Жанрайсэгийн дуган 1838 онд Талхын* дэнжид V Богдод зориулан Гандантэгчинлэн хийд буюу Төгс баясгалант их хөлгөний хийдийг барьж байгуулжээ. Тус хийд байгуулагдсанаас хойш уг дэнжийг хийдийн нэрээр буюу “Гандангийн дэнж” хэмээн нэрлэж иржээ. Харин хийдийг Зүүн хүрээ аймгийн баруун талд байгуулсан учраас “Баруун хүрээ” хэмээн нэршсэн ажээ. 1937 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, хуучны зургаан сүм, дуганаас бусдыг нураажээ. 1944 оноос хурал номын үйл ажиллагааг сэргээж, 1961 онд хийдийн цогцолборыг улсын хамгаалалтад авсан байна. Эдүгээ Гандантэгчинлэн хийд нь Монголын бурхны шашны төв хийд юм. * Гадаргуу дээрээ чулуугүй, жигд үйрмэг хөрстэй газрыг “талх” хэмээн нэрлэдэг.
-
- Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж байгаа нь. 1912 он. Гэрэл зургийг Польшийн монголч эрдэмтэн В.Л.Котвич Мэгжид Жанрайсэг буюу Билгийн мэлмийг нээгч бурхныг ҮIII Богд Жавзундамбын зарлигаар 1911 оны долоодугаар сарын 20-ноос 1913 оны наймдугаар сарын 13-ны хооронд сүсэгтэн олны мөргөлийн мөнгөөр Долнуурт бүтээлгэн, Монголд угсарч, алтдан залсан ажээ. Түүнийг тойруулан залсан түмэн Аюуш бурхадын нилээдийг орос худалдаачин Ф.Москвитанаар зуучлуулан Польшид захиалан хийлгэсэн гэдэг. Дуганы доторх Жанрайсэг бурхныг 1938 онд буулган ЗХУ-д ачуулсан ажээ. Ардчилсан хувьсгал ялж, шашин шүтлэгээ сэргээхдээ монголчууд хоёр дахь удаагаа Жанрайсэг бурхныг 1991 оны хоёрдугаар сарын 13-наас 1996 оны аравдугаар сарын 26-ны хооронд төрийн санхүүжилт болоод ард түмний хандиваар барьж босгосон юм. Мэгжид Жанрайсэг бурхан 26,5 м өндөр (80 тохой), 90 тн жинтэй, суурийн зай нь 87 шоо дөрвөлжин метр.
-
- Гэрийнхээ үүдэнд жижиг нохой тэвэрч суугаа монгол хүү. Гандантэгчинлэн хийдийн хойд хэсэг. Зургийн зүүн гар талд Телевизийн цамхагийн суурин дээр байсан Жарун хошир буюу Ам алдсан суварга байна. Гэрэл зургийг Стефан Пассе. 1913 оны 7 дугаар сар. Монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг.
-
- Гандангийн дэнж, Тасганы овоо. 1913 оны 7 дугаар сар. Гэрэл зургийг Стефан Пассе Монголын анхны өнгөт зургийн нэг. Гандангийн дэнж, Тасганы овоо Чингэлтэй хайрхнаас урагш түрж гарсан урт хошууг XIX зууны дунд үеэс хойш “Тасганы овоо” хэмээн нэрлэх болжээ. Түүнээс өмнө хүрээнийхэн тус хошууг хэвтэж буй зааны дэвссэн хошуутай адил гэж шинжээд Зааны хошуу буюу Зөөлөн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Зүүн хүрээ аймгийн баруун талд 1838 онд Гандантэгчинлэн хийд байгуулагдсанаар шашны нэгэн шинэ хүрээ үүсч, улмаар Гандан, Зүүн хүрээний лам нар Зөөлөн хошууны орой дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болжээ. Тасганы овоо нь 1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол >өндөрлөг цэг байсан ажээ.
-
- Тасганы овоо. Цаана Нийслэл хүрээ, Богдхан уул харагдаж байна. Гэрэл зургийг Стефан Пассе. 1913.07.23. Монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг
-
- Нийслэл хүрээний зах дээр буй хэсэг монголчууд. 1913.07.22. Гэрэл зургийг Стефан Пассе. Монголын анхны өнгөт зургийн нэг.
Дөрөв. Майдар эргэх ёслол
Богдын хүрээний Майдар эргэх ёслол нь хаврын адаг сард тохирсон өдөр сонгож “Чодин Жамба” гэдэг 80 орчим см босоо дүрийг 4 дугуйтай өндөр том тэргэн дээр залж, “Их Майдар” гэж зүүн хүрээний гадуур тойргоор эргэж ёслодог байв. Их хүрээний Майдар ёслолын маргааш өдөр Богдын ордны шар хашаан дотор “Дэргэдийн Майдар” гэж дөрвөн дугуйтай жижиг тэргэнд залж, орд өргөөний шадар албан хаагчид үйлчилдэг байв.
Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.
Эдүгээ Майдар эргэх ёслолыг Гандантэгчинлэн, Дашчойлин тэргүүтэй хийдүүд зохион байгуулж байна.
-
- Нийслэл хүрээний Майдар эргэх ёслол. 1922 оны 5 дугаар сар. Рой Чапмэн Эндрюсийн удирдан зохион байгуулсан Төв Азийн экспедицийн авсан гэрэл зураг
-
- Майдар эргэх ёслолд оролцохоор ирсэн ардууд, Нийслэл хүрээ, 1922 он, Гэрэл зургийг Данийн иргэн К.П.Альбертсен
-
- Майдар эргэх ёслолд оролцож буй монголчууд, Нийслэл хүрээ, 1922 он. Гэрэл зургийг Данийн иргэн К.П.Альбертсен Майдар эргэх ёслолд Хүрээний хүүхэд залуус, хөгшид өвгөд, шар, хар, бор бүгдээрээ гэзэг үсээ янзалж, сахлаа хусч, хумсаа авч, хуруу гар, хүзүү толгойгоо угааж, шинэ сайхан дээл хувцас өмсөж энэхүү ёслолд оролцдог байжээ.
-
- Майдар эргэх ёслолд оролцож буй хатад, хүүхдүүдийн хамт. Нийслэл хүрээ. 1922 он. Рой Чапмэн Эндрюсийн удирдан зохион байгуулсан Төв Азийн экспедицийн гэрэл зураг. Р.Ч.Эндрюс эдгээр монгол хатдын тухай бичихдээ: “Хатад болон дээд хэргэм зэрэгтэй ноёдын авгай нар өмссөн зүүсэн зүйлсээрээ олныг алмайруулна. Тэднээс хамгийн сайхан толгойн чимэгтэй хатдын нэг нь гайхалтай. Тийм гоёмсог эмэгтэйг би өөр хаа ч харж байсангүй” хэмээжээ.
-
- Майдар эргэх ёслолд оролцож буй ноёд, лам нар. Нийслэл хүрээ. 1922 оны 5 дугаар сар. Рой Чапмэн Эндрюсийн удирдан зохион байгуулсан Төв Азийн экспедицийн авсан гэрэл зураг.
Тав. Худалдааны гудамж ба Махан дов
-
- Худалдааны их зах. 1920-иод он. Энэ гэрэл зургийг 1921 онд К.П.Альбертсений авсан газраас буюу нэг цэгээс хоёр өөр цаг хугацаанд хоёр өөр гэрэл зурагчин авсан нь сонирхолтой. Өнөөгийн Жуулчны гудамж нь XIX зууны үед үүссэн их хөлийн худалдааны газар байв. Энэ гудамж дундуур баруун Сэлбэ гол урсан өнгөрдөг байсан бөгөөд голын урд талд орших Махан дов (одоогийн Барилгачдын талбайн урд хэсэг)-оос баруун тийш Төмөрчний гүүр хүртэл, Махан довын хойдох голын ар талаас баруун тийш Гандангийн дэнжийн хүр хүртэлх урт гудамж байжээ. Худалдааны гудамжинд махны зах, төмрийн зах, монгол урчууд байснаас гадна хятад, оросын худалдааны олон пүүс, гуанз байсан аж. Энэхүү гудамжийг 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэх хүртэл “Худалдааны гудамж” хэмээн нэрлэдэг байжээ.
-
- Нийлэл хүрээний мах худалдаалах зах буюу Махан дов. 1914 он. Захын цаана 1913-1914 онд баригдсан одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хоёр давхар байшин, түүний хойд талд 1909 онд баригдсан Цагаан хааны аптек буюу анхны европ эмийн сангийн байшин байна.
-
- Өндөр хоршоо, “Ард” кино театраар үйлчлүүлэгчдэд сүйх тэрэг, морин тэргээр үйлчилдэг байв. 1930-аад он.
-
- Төмөрчний гудамж. 1923 он, Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн гэрэл зураг. ХХ зууны эхэнд Морины гудамж (одоогийн Баруун Сэлбэ голын гудамж)-аас баруун урагш, баруун Сэлбэ голыг дагасан захыг Төмрийн гудамж хэмээн нэрлэдэг байсан бөгөөд төмрийн дархчуудын хийсэн тулга, цоож, түлхүүр, гэр ахуйн хэрэгсэл зэргийг арилжаалдаг төмрийн төрөлжсөн зах байв.
-
- Хүрээний их захын нэгэн гудамж. 1910-аад он Түм түжигнэж, бум бужигнасан худалдааны их зах дээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг худалдаалдаг байв.
Зургаа. Хүрээний ахуй байдал
-
- Цам харайх ёслолын чөлөөгөөр тамхилж буй отог жинстэй төрийн албатууд. Богдын шар ордны өмнөх Өргөн чөлөө. Нийслэл хүрээ. 1910-иад он.
-
- Манжийн үед хэрэглэгдэж байсан модон дөнгө буюу явуулын шоронг Богд хаант Монгол Улсын үед халжээ. Нийслэл хүрээ. 1910-аад он.
-
- Хонины арьс худалдаалж буй монголчууд. Өргөн чөлөө буюу одоогийн хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчимд. 1920-иод он.
-
- Хүрээний монгол урчуудын хийсэн эмээл монголын бусад нутгаас хамгийн алдартай нь байсан бөгөөд тэр хэрээр гүйлгээ сайтай байжээ. 1910-аад он.
Долоо. Нийслэл хүрээний ерөнхий байдал
-
- Гол чөлөөнөөс Гандангийн чигт буюу одоогийн Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш Гандангийн зүгт. 1921 оны 2 дугаар сар. Гэрэл зургийг Данийн судлаач К.П.Альбертсен Нийслэл хүрээнд шашны ёслол, эргэл мөргөлд голчлон зориулагдсан их чөлөө, өргөн чөлөө, гол чөлөө зэрэг гудамж, талбайнууд цөөнгүй байснаас Зүүн хүрээний өмнөх энэхүү гол чөлөө нь хүрээний мөргөлийн замын гадна, Данжуурын хүрдүүдийн урд талд, дундуур нь Богдын залрах зам өнгөрдөгөөс өөр ямар ч зориулалтгүй, олон хороодын дундах гол чөлөө байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхон хогоо асгадаг гол газар байв. 1921 оноос тус гол чөлөөг Индэрийн талбай, дараа нь Сүхбаатарын чөлөө, 1946 онд Д.Сүхбаатарын хөшөө боссоноос хойш албан ёсоор Д.Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болсон.
-
- Богдын ногоон ордны 3 дахь сүмийн орой дээрээс хойд зүгт харагдах Улаанбаатар хотын ерөнхий байдал, 1925 он. гэрэл зургийг Г.И.Боровка