Улаанбаатар хот

Улаанбаатар хот

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой.

Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм. Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.

1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна. Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв – Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна. Их хүрээ /1778-1910/ Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

 

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм. Нийслэл хүрээ /1911-1921/ Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе.

Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон. Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/ 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. 1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.

Хотын дарга нар – Моононгийн Баяр 1924-1926 он – Санжийн Батсүх 1926-1927 он – Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он – Ламжавын Мижиддорж 1929-1930 он – Бадамын Цэдэндамба 1931-1932 он – Өлзийн Равдан 1932.07.04-08.27 – Дансранбилэгийн Догсом 1932-1933 он – Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он – Лодойн Тавхай 1939.05-11 – Өлзийцогтын Мажиг 1940-1941 он – Ломбодонойн Дамдин 1941. 07-08 – Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он – Содномын Шагдар 1942-1944 он – Гүндийн Багаа 1944-1956 он – Бадрахын Ламзав 1956 он – Будын Батжаргал 1956-1959 он – Санжийн Батаа 1959-1962 он – Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он – Догсомын Цэдэв 1965-1971 он – Сономын Лувсангомбо 1971-1972 он – Сүрэнжавын Балбар 1972-1976 он – Очирын Цэнд 1976-1978 он – Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он – Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он – Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он – Жанлавын Наранцацралт 1996-1998 он – Миеэгомбын Энхболд 1999 он-2005 он -Цогтын Батбаяр 2005 он-2007 он – Түдэвийн Билэгт 2007-2008 он, Гомбосүрэнгийн Мөнхбаяр – 2008он -2012 он, 2012 оноос Эрдэнийн Бат-Үүл.

Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг. Нийслэлийн сүлд тэмдэг Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.

Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна. Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана.

Нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна. Хүн ам 2007 оны 4 дүгаар сарын байдлаар, Улаанбаатар хотын хүн ам нь 1000000 боллоо, үүнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хүн ногдож байна. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Цаг агаар Улаанбаатар хот нь 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм Жилийн дундаж чийгшилт 69% Агаарын дундаж температур 2.2өС Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5өС, хаврын цагтаа модны навчис цэцэгс дэлгэрсэн сайхан дулаахан өдрүүдтэйгээс гадна хавсарга тавьсан сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьж мэднэ. Харин зуны улирал нь дунджаар 15өС дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ч ордог. Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7өС. Мододын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19өС хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сүлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу үндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн түүхтэй хот юм.

Эх сурвалж: blog by Хотын хүү

2014 оны 2 дугаар сард Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлсэн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” илтгэл

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭРХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

Энэхүү уулзалт ярилцлагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олж илрүүлэх, бүртгэх, хадгалан хамгаалах, ашиглах, өмчлөх, сэргээн засварлах, судлан шинжлэх, сурталчлах, өвлөн эзэмших, хууль зөрчигсдөд хариуцлага хүлээлгэх гэсэн тодорхой асуудлын хүрээнд тэдгээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, үзэл баримтлал, нэгдсэн тогтолцоог бий болгох, хот төлөвлөлттэй уялдуулах бодлого, чиглэлийг тодорхойлох, төрийн байгууллага, уран бүтээлчдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх, соёлын өвийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр санал солилцож, хэрхэн, яаж шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголт, үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Юун түрүүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын өнөөгийн байдлын талаар товч танилцуулах нь зүйтэй болов уу.

Монгол улс нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаа тоолж, эрх зүйн хамгаалалтад авч эхлээд 40 гаруй жил болж байна. Анх 1971 онд БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрх улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж эрх зүйн хамгаалалтад авснаас хойш 1994, 1998, 2008 онд тус жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Энэхүү жагсаалтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1971 онд 27 дурсгал, 1994 онд 29 дурсгал, 1998 онд 20 дурсгал, 2008 онд 26 дурсгал шинэчлэгдэн бүртгэгджээ.

Монгол Улсын хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт 4 удаа шинэчлэгдэхэд улс, нийслэлийн хамгаалалтад байх үл хөдлөх дурсгал шинэчлэгдэн батлагдах бүртээ тоо нь өсч байсан бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх улс, нийслэлийн хамгаалалтад байх дурсгал 1998, 2008 онд буюу сүүлийн хоёр жагсаалт шинэчлэлтээр тоо нь буурсан нь Улаанбаатар хотоос түүх, соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах бус хорогдуулах бодлогыг баримталж ирснийг харж болно. Улс, нийслэлийн хамгаалалтад байх дурсгалыг нураасан сүүлийн жишээ бол 2011 оны наадмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал болох хуучин Лениний музейн байшингийн ард байсан Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшинг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нураасан явдал юм.

Нийслэл Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг хамгийн сүүлд 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоол, 2008 оны Нийслэлийн Засаг даргын 357 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, нийт 160 дурсгалыг хамгаалалтад авчээ.

1971-2013 оны хооронд улс, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын 45 дурсгал буюу давхардсан тоогоор 102 жагсаалтад бүртгэгдсэнээс 9 дурсгалыг буулгаж, 10 дурсгалыг тус жагсаалтаас хассан байна.

Жагсаалтад багтсан түүхэн дурсгалт байшин барилга, сүм хийд, дурсгалт газар, археологийн дурсгалуудын 90 гаруй хувь нь 1930 оноос өмнөх үеийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд бөгөөд энэ үеийн холбогдолтой ч тус жагсаалтад ороогүй, эрх зүйн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай дурсгалууд цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр 1930 оноос 1990 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бий болсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалалтад авч, хадгалж үлдэх түүхэн цаг үе тохиож байна. Ингэхийн тулд эдгээр дурсгалыг бүртгэх, тодорхой шалгуураар эрх зүйн хамгаалалтад авах, хадгалж үлдэх, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах гэх зэрэг олон асуудлыг бид хариуцлагатайгаар шийдвэрлэх цаг иржээ. Энэ асуудлаар бид санал боловсруулж Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд хүргүүлсэн.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаарх тулгамдсан асуудлуудыг дараах хүрээнд авч үзэв. Үүнд,

  1. Эрх зүйн тогтолцоог шинэчлэх хүрээнд:
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаар баримтлах бодлогыг боловсруулах
  • Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан дурсгалыг Нийслэлийн засаг даргын захирамжаар нурааж байгаа гажиг үзэгдлийг эрх зүйн зохицуулалтаар таслан зогсоох
  • Нийслэлийн төрийн захиргаа, соёлын байгууллагад ажиллаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс өөрийн эрх мэдлийг ашиглан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эзэмших, түрээслэх, худалдах, түүх соёлын дурсгалын жагсаалтаас хасах явдлыг эрх зүйн зохицуулалтаар таслан зогсоож, хариуцлага тооцдог болох. Жишээ нь: 1971 оны жагсаалтыг 1994 онд шинэчлэхэд 8 дурсгал, 1994 оны дурсгалыг 1998 онд шинэчлэхэд 11 дурсгал, 1998 оны дурсгалыг 2008 онд шинэчлэхэд 1 дурсгал, нийт давхардсан тоогоор 21 дурсгал энэ хугацаанд жагсаалтаас хасагдаж үүнээс 9 дурсгал нураагдаж, 5 дурсгал жагсаалтад дахин нэмэгдэн орж, бусад 10 дурсгал нь хамгаалалтын зэрэглэл буурсан байна.
  1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэлжүүлэх, баталгаажуулан баримтжуулах хүрээнд:
  • Улаанбаатар хотын түүх, соёлын бодит болон бодит бус дурсгалын мэдээлэл, судалгаа, баримтын нэгдсэн сан буюу “Нийслэлийн бүртгэл мэдээллийн сан”-г НЗДТГ-ын дэргэд байгуулж, баримт мэдээллээр баяжуулах ажлыг зохион байгуулах
  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын танин мэдэхүйн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн стандарт бий болгох, тэмдэгжүүлэх
  1. Түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, ашиглах хүрээнд:
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг хэдий хугацааны давтамжтайгаар шинэчлэх, тус жагсаалтад ямар дурсгалыг, ямар шалгуураар оруулж байхыг тодорхой болгох нь тухайн цаг үеийн түүхэн үнэт дурсгал хадгалагдан үлдэх нөхцөлийг бүрдүүлэн өгөх ач холбогдолтой. Тухайлбал, энэ асуудлыг шийдвэрлээгүйгээс 1930-1990 оны хоорондох түүхэн дурсгалууд өнөөг хүртэл хадгалалт хамгаалалтад ороогүй байна.
  • Улаанбаатар хотын хөгжлийн явцад түүхэн үйл явдал өрнөсөн, зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай газруудыг нарийн судлан тогтоож, тэдгээр газруудад тухайн түүхэн үйл явдалтай холбоотой буюу түүнийг илэрхийлсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг барьж байгуулах, үүнийг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулах. Тухайлбал, Бага тойруу, их тойруу дотор хамгаалж үлдэх ёстой цөөнгүй газар байдаг. Богдын шар ордон байсан газар буюу Хүүхдийн урлан бүтээх төвөөс 4-р дэлгүүрийн хооронд буй газар, МУБИС байрлаж буй түүхэн газар гэх мэт.
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын дурсгалбүрийн хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах. Тодруулбал, түүхэн газарт босгосон хөшөөг хамгаалж ирсэн болохоос тухайн газрыг нь хамгаалж ирээгүй нь түүний ойр орчмын газрыг алдаж, цогц байдлаар хадгалж хамгаалах байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний тод жишээ бол Хүн чулууны хонхорт босгосон дурсгалын шав хөшөө бөгөөд зөвхөн хөшөөг хамгаалалтад авснаас шалтгаалж тухайн түүхэн газар үнэгүйдэж байна.
  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр сэргээн засварлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх. Сэргээн засварлалтын бодлого алдагдаж, боловсон хүчин бэлтгэгдээгүйгээс шалтгаалж Богдын хүрэн ордон, Гоожингийн өндөр, Дамбадаржаалин хийд гэх зэрэг түүхэн олон дурсгалууд бидний нүдэн дээр балгас болж байна.
  • Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, ямар байгууллага, ямар асуудлыг шийдвэрлэдэг байх зааг ялгааг тодорхой гаргаж өгөх. Тухайлбал, түүх, соёлын дурсгалыг хамгаалах эрх зүйн орчин бүрэлдээгүйгээс энэ зааг ялгааг нарийн тогтоож өгч чадахгүй байгаа нь дурсгалыг хамгаалахад тодорхойгүй байдлыг бий болгож байна. Иймээс түүх, соёлын дурсгалын гурван талт гэрээг шинэчилж, өмчлөгч, эзэмшигч, хариуцан хамгаалагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүхэн дурсгалт байшин барилгыг хотын түүх, соёлыг иргэдэд таниулах мэдээллийн төв болгон ашиглах. Тухайлбал, Улаанбаатар хот дахь түүхэн дурсгалт байшинг бизнесийн ашиг олох зорилгоор ашиглаж буй явдлыг таслан зогсоох. Үүнд, Холбооны анхны байшин, Их хүрээний анхны хоёр давхар байшин зэргийг дурдаж болно.
  1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулах хүрээнд:
  • Улаанбаатар хот дахь түүхэн дурсгалт газрын байршил, хамгаалалтын бүсийг нарийн тогтоох
  • Дээрх газруудыг хот төлөвлөлтөд тусгаж, тухайн түүхэн үйл явдалтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг бүсчилж, түүх, орчинтой уялдуулсан цогцолбор байгуулах
  1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сурталчлах хүрээнд:
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг шинэчлэн гаргах, ингэхдээ улс, нийслэл, дүүрэг гэсэн эрх зүйн хамгаалалтын ангилалд оруулах дурсгалын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгож, жагсаалтад нэмж оруулах дурсгалуудын судалгааг гаргах шаардлагатай байна.
  • Улаанбаатар хотод баригдаж буй биет бүтээлүүд тэр дундаа хөшөө, барималын бүтээгдсэн он, бүтээгч гэх зэрэг тухайн дурсгалд тавигдах нэгдсэн стандарт гаргаж, хөшөө, дурсгалын танин мэдэхүйн ач холбогдлыг бий болгох зэрэг юм.

Эцэст нь тэмдэглэхэд, Улаанбаатар хотын захиргаа, түүний удирдлагын зүгээс нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, ашиглах, өмчлөх, сэргээн засварлах, сурталчлах чиглэлээр тодорхой бодлого баримталж ирээгүйгээс шалтгаалж түүх, соёлын үл хөдлөх дурсгал үнэгүйдэх, нураагдах, хэн нэг эрх мэдэлтний бизнесийн зорилгоор ашиг олох хэрэгсэл болох нөхцөл байдал бий болжээ. Цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хот төлөвлөлтийн бодлогод үл хөдлөх дурсгалыг тусгаж байх зэрэг нэн тэргүүний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Г.Очбаяр

Улаанбаатар хотын музей, эрдэм шинжилгээний ажилтан